Нийслэлийн Баянхошуу,Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг энэ оны зургадугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
Иймд Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр төслийн I үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажилтай танилцсан юм.
Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох хүрээнд дулааны 11И магистрал шугам шинэчлэлийн өргөтгөл, дулааны даралт өргөх насос станц, 3,3 км урт шинэ шугамыг ус дулаан дамжуулах 14 төвийн хамт бүрэн хийжээ.
Одоогоор Баянхошуу дэд төвд 27 аж ахуйн нэгжийг төвийн төвлөрсөн дулаанд холбоод байгаа. Цаашид 20 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжтой аж.
Ж.Сандагсүрэн Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга байгууламж болох 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, орлогод нийцсэн загвар орон сууц, үерийн далан суваг, тохижилт, автозам, гүүр, 28 мВт хүчин чадалтай Дулааны станц, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, цахилгааны 35/10кВт станцын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.
Тэрбээр төслийн эхний шатыг бүрэн дуусгаж, үр дүнг нарийн тодорхойлон, иргэдэд илүү хүртээмжтэй байхад анхаарах чиглэл өгөв.