Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзлаа.
Тэрбээр ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт, хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
“Союз-39” хөлгийн нислэгийн явцад Зөвлөлтийн сансрын нисэгчидтэй хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний сорил, туршилтыг амжилттай хийж гүйцэтгэжээ.
–Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцааны хамгийн тод илэрхийлэл нь энэхүү хамтарсан нислэг болсон. Энэ нислэгийг өнөөдөр дурсахад ч бахархалтай. Харин та өнөөдөр юуг нь онцлохыг хүсэж байна вэ?
-Үнэхээр Монгол-Оросын хамтарсан нислэг бол хоёр орны ард түмний дотно харилцааны илрэл, найрамдлыг илэрхийлсэн үйл явдал болсон юм. Бид сансарт ниссэн ойгоо, хамтарч ажилласан ажлынхаа талаар ярихдаа найрамдал нөхөрлөлийн тухай үргэлж ярьж байх ёстой. Одоогоос 40 жилийн өмнө монгол хүн анх сансарт нисэж ард түмэн маань их бахдан хүлээж авсан. Ард түмний ой тойнд ортол ингэж хүргэх асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа МОНЦАМЭ агентлаг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч нар, сэтгүүлчид, гэрэл зурагчид болон телевиз, киноныхон бүгд идэвхтэй ажилласны дүнд энэхүү үйл явдлыг манай монголчууд бүрэн мэдэрч хүлээж авах боломжийг олгосонд талархал илэрхийлж байна.
МОНЦАМЭ агентлаг энэ жил 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ бол бага хугацаа биш. Энэ хугацаанд монголчуудын олсон ололт амжилт бүхэн хэвлэл мэдээллийн байгууллага, МОНЦАМЭ агентлаг, сэтгүүлч, сурвалжлагч нартай холбоотой. Ард түмнийхээ хийсэн бүтээснийг олон түмэндээ хүргэж, ойлгуулж, хэлж дуулгаж байсан энэхүү үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг голлож үүрч байсан даа. 1960 оноос телевиз, радио гээд бусад мэдээллийн хэрэгслүүд гарч ирсэн.