Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч, Ардчилсан намын Дэд дарга Ц.Уртнасантай ярилцав.
Эхлээд намын даргын сонгуульд оролцож буй таны гол зорилгын талаар асуумаар байна?
-Ардчилсан намын түүхэнд онцгой сорилт бэрхшээл тулгарсан цаг үед манай Намын даргын сонгууль зохион байгуулагдаж байна. Бидэнд эв эе, зөвшилцөл, ойлголцол ус агаар шиг хэрэгтэй цаг үе тохиож байна. Миний хувьд журмын нөхдийнхөө эв нэгдлийг хамгийн эрхэмд үзэж байна. Монгол орон улс төрчдөөр дутаагүй. Харин өнөөгийн нийгэм эв эеийг бүтээгчдээр хомсдож байна. Би журмын нөхдийнхөө эв эеийг бүтээлцэгч нь байхыг зорьж энэ удаагийн Намын даргын сонгуульд оролцож байна.
Та өнөөгийн улс орны улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, харж байна вэ?
-Миний бие Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчийн хувьд Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоо зөрчилдөөнтэй, Монголын ардчилал томоохон сорилтын өмнө байна гэж үзэж байна. Найманхан сарын өмнө болж өнгөрсөн Монголын Төрийн эрх барих дээд байгууллага –УИХ-ын сонгуулиар парламентын үнэмлэхгүй олонхийг бүрдүүлсэн МАН-ын даргын тэргүүлсэн Засгийн газар бүрэн эрхийнхээ 4 жилийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь битгий хэл нийтийг хамарсан цар тахал тархаж, улс оронд нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал үүссэн цаг үед огцорч, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа умартлаа.
Монголын ардчилсан өөрчлөлт – Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг эхлүүлж, 30 гаруй жилийн турш тэргүүлж ирсэн Ардчилсан нам УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, ард түмний дуу хоолой болох, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг Монголын олон нийт хүлээж, шаардаж байна. Хэнд ч ард түмнээсээ үнэнийг нуух эрхгүй. Бас ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэх ч эрхгүй.
Тиймээс бид улс орныхоо улс төрийн өнөөгийн тогтолцооны зөрчилдөөнт байдал, улс төрчдийнхээ үүрэг хариуцлагаа ухамсарлах байдал, улс төрийн үйл ажиллагааны хандлага, соёлоо эргэн харж, бодитой үнэлэлт дүгнэлт хийж, улс орондоо эрс шинэчлэл хийх нэн шаардлагатай болсон байна гэж дүгнэж байна.
Та улс орныхоо нөхцөл байдлыг үнэлэн хэлж байгаа үндэслэлүүдээс дурьдах боломж байна уу?
-Манай өнөөгийн улс төрийн тогтолцооны зөрчилдөөнт байдлын улмаас нь нийгэмд талцал хуваагдал, үл ойлголцол, ялгаварлан гадуурхалт, ядуурал, ажилгүйдэл, шударга бус байдал газар авсан байна шүү дээ. Бид яахаараа, 2200 гаруй жилийн түүхтэй Монголын төрийн албыг ур чадвар, сэтгэл зүтгэлтэйд нь бус цорын ганц эрх баригч МАН-ын гишүүнчлэл, хамаарал бүхий хүмүүс, тэдний гэр бүл, амраг садан, ахан дүүсээр бүрдүүлж байгааг хүлээн зөвшөөрсөөр суух ёстой юм бэ.
Бид яахаараа, Монголын цогтой эх орончдын халуун амь, бүлээн цусаа урсган тэмцэж олсон Эх орныхоо байгалийн баялагийг цөөн хэдэн гэр бүл, бизенсийн бүлэглэлийн мэдэлд өгчөөд ард түмнээ өлөн зэлмүүн, ядуу тарчиг байлгасаар байх ёстой юм бэ. Бид яахаараа, улс орондоо цар тахал дэгдэж, иргэд маань орлогын хамсдол, ажилгүйдэлд нэрвэгдсээр байхад 10 их наядын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, ядуурсаар байх юм бэ. Бид яахаараа, Монгол хүнээ улс төрийн зорилго, шалтгаантай зохиомол гэмт хэрэг үүсгэж, мөрдөн мөшгиж, цагдан хорьж, ял цааз оноож, улс орноо шоронжуулж байхад үнэний төлөө дуугарахын оронд бусдыгаа үзэн ядаж, улс төрчдийн зохион байгуулалттай тархи угаалт, нийгмийн сүлжээний үндэслэлгүй цуурхалд автсаар байх ёстой юм бэ. Бид яахаараа, иргэдийнхээ санаачлага, бизнесийг булааж авдаг төрийн түшмэд, хууль сахиулагчдын булхай, авилга, хээл хахуулийг ам дамжин ярьж, зарим тохиолдолд гар дамжуулж байгаагаа нийгмийн хэвийн үзэгдэл мэт хүлээн авч, зөвшөөрсөөр байх ёстой юм бэ. Бид яахаараа, ажил, амьдралын эрхээр дэлхийгээр нэг тархсан олон зуун Монголчуудаа эх орондоо татан авч чадахгүй, харийн газар, бусдын царай харуулсаар байх ёстой юм бэ. Энэ бүхэн чинь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлэх хангалттай үнэлэлт, үндэслэл биш гэж үү.
Та энэ байдлыг өөрчилж болно гэж бодож байна уу?
-Мэдээж улс орон ийм байж таарахгүй. Монгол оршихуйн үндэс нь Төрт ёс. Төрийн байгууламжийн үндэс болсон Монголын улс төрийн намуудын Үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны алдаа оноо, амжилт ололт, эргэлзээ тээнэгэлзээ, хөгжил дэвшлээс Монгол Улсын өнөөгийн нүүр царай, өнгө төрх хамаарч байна. Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг 31 жилийн тэртээ социалист лагераас Монгол улсаа тусгаарлаж, Монгол улс үндэстний түүх соёл, тусгаар тогтнолыг сэргээн бататгахын төлөө, Монгол хүний заяагдмал эрх, эрх чөлөөг авч ирэхийн төлөө өмгөөлөн босч тэмцсэн шигээ зөв бодлого, зөв үйл хэрэг явуулдаг зөв нам болгон шинэчлэх нийгмийн шаардлага, хүлээлтийн өмнө бид тулж иржээ.
Нийгмийн шаардлага, хүлээлт ийм байхад хүсэн ч эс хүссэн ч энэ өөрчлөлтийг хийж байж, Ардчилсан нам амжилттай оршин тогтноно.
Ардчилсан нам өнөөдөр Төр, засгийн сөрөг хүчин. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
-Бидний 2016 оноос эхлүүлсэн Намын шинэчлэлийн хүрээнд намын дотоод ардчиллаа бэхжүүлэх зорилгоор 10000 гаруй сонгуульт гишүүдээ намын нийт гишүүдийн саналаар сонгож, баруун төвийн үзэл баримтлал бүхий Намын Үзэл баримтлалаа гишүүдээрээ хэлэлцүүлэн батлуулж, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх Бодлогын зөвлөлүүдийг зохион байгуулан ажилуулж, Намын бүх шатны байгууллагуудыг үйл ажиллагааг байнгын тогтвортой ажилуулах соёлыг бий болгож амжсан билээ. Гэсэн ч 2020 оны УИХ-ын хэт олонхийн баталсан сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийг зохион байгуулсан үйл ажиллагааны алдаа мадаг, хуудтай үйл ажиллагаанаас үүдэн манай Нам төсөөлөөгүй ялагдлыг хүлээсэн нь харамсалтай.
Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ дахь 11 гишүүн бүхий Ардчилсан намын бүлэг, 9 аймаг, дүүргийн ИТХ-ын олонхийн бүрдүүлж буй дунд шатны намын байгууллагуудынхаа бодлого, үйл ажиллагааг уялдуулж чадвал Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлэх бүрэн боломж бий.
Ардчилсан намын даргын сонгуульд оролцож буй Таны мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Намын ажил гэдэг өөрийн гэсэн онцлог асуудал, бэрхшээл сорилт дагуулсан амаргүй ажил. Миний бие өнгөрсөн 4 жил намынхаа гал тогоонд ажиллаж, хот, хөдөөгийн олон арван намын байгууллагад ажиллаж, олон зуун гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж, ажил, амьдралтай нь танилцаж, хамтран ажилласан. Нэг үгээр хэлбэл миний хийх ёстой, өөрчлөн шинэчлэх тодорхой ажлууд хүлээгдэж байна. Тиймээс би энэ сонгуульд Ардчилсан намын шинэчлэл (Ү3) мөрийн хөтөлбөртэйгээр оролцож байна. Товчдоо Намын Үндсэн дүрмийн шинэчлэл, Үзэл баримтлалын төгөлдөршил, Үйл ажиллагааны шинэчлэл гэсэн 3 зорилтоор миний мөрийн хөтөбөрийг тодорхойлж болно.
Ардчилсан намын өнөөгийн байдалд өөрчлөлт гарах уу?
-Монголын ардчилагчдад зөвийг олж харж, зөвийг тэтгэн дэмжиж, зөв үйлийг дэлгэрүүлэх оюун ухаан, бие, сэтгэлийн тэнхээ байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ахмад үеийнхээ бүтээсэн ардчилсан хувьсгалын тэмцэл, ялалт, алдаа сургамж, залуу үеийнхээ хүсэл тэмүүлэлийг нэгтгэж, Ардчилсан намаа шинэчлэх үүрэг бидний үеийнхэнд илүүтэй оногдож байна. Ардчилсан нам өөрчлөгдөж, хүчирхэг улс төрийн нам болон төлөвшиж чадна гэж итгэж байна.
Таны сонгуулийн ажилд амжилт хүсье!
Баярлалаа, Та бүхний амжилт хүсье.