Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу резидент эмч нарт сар бүр цалин олгож эхэлсэн. Ингэхдээ 1,200 резидент эмчид нэг болон хоёрдугаар сарын цалинг нь олгосон.
Гэвч АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн харьяа 707 резидент эмчид цалинг нь олгоогүй байсан бол Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд болон АШУҮИС-ийн захирал нар гурван талт уулзалт хийснээр резидент эмч нарын цалингийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Энэ талаар АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан ‘Улсын хэмжээнд төгсөлтийн дараах сургалт буюу резидент эмчийн сургалтад 2,000 гаруй эмч суралцан ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны бодлогын дагуу чиглэл тус бүрийн квотоор хуваарилагддаг.
Одоогоор резидентийн эмч нарын 700 орчим нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүнд харьяалагдан элсэн, суралцдаг. Өнгөрсөн оны хоёрдугаар сард хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу гарч ирсэн бөгөөд холбогдох байгууллагууд хамтран резидент эмч нарын цалингийн төсвийг БШУЯ-нд гаргаж өгсөн.
Тухайн үед БШУЯ-наас резидент эмч нарын асуудал нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний асуудал гэж үзсэн. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БШУ-ы сайд, ЭМ-ийн сайд болон АШУҮИС-ийн захирал нар гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэх гарц олсон. Өнөөдөртөө багтан Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулна. Ингэснээр маргаашаас эхлэн резидент эмч нарын цалинг олгоход бэлэн болсон.
Үндсэн цалин нь 703,623 төгрөг болох бөгөөд үүнээс нийгмийн даатгал төлөгдөнө. Мөн ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэн дотоод хяналтыг сайжруулна’ гэв.