Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.ЛХАЧИНЖАВ:
-Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдоод байна. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй. Оргосон цэргийн нэг болох, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х нь ам бүл дөрвүүлээ, М нь ам бүл тавуулаа амьдардаг байсан. Өнгөрсөн оны намар татагдсан 19 настай цэргүүд. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсч байна.
Амиа алдсан харуулын дарга 34 настай, шилдэг албан хаагчдын нэг байсан. Ам бүл гурвуулаа амьдардаг. Цэргүүдтэй найрсаг харилцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан юм. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд түр болон хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцдаг асуудлыг таслан зогсоосон. Цэрэг өшиглөж, дээрэлхсэн л бол үүрэгт албаас нь чөлөөлөх зохицуулалттай. Сүүлийн үед гарч буй асуудалтай холбогдуулан цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна. Тухайн цэргүүдийн толгойд юу бодогдож, өргөсөн тангаргаасаа яагаад няцсан талаар хэлэхэд эрт байна.