Оюутолгой төслийн талаар хэлэлцээрт оролцохоор Монголд хүрэлцэн ирсэн ‘Рио Тинто’-ийн Зэсийн группийн ерөнхий захирал улстөрчдийн асуултад хариулах шаардлагатай болсон талаар Financial times-т бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт таван цаг үргэлжилсэн уг хэлэлцээний үеэр Оюутолгойн төслийн хэрэгжилтийг хянах Ажлын хэсэгт багтсан УИХ-ын зарим гишүүн өнгөрсөн хугацаанд Монголын нэр бүхий иргэдэд ‘Рио Тинто’ төлж байсан төлбөрөө тайлбарла гэдгийг шаардсан байна.
Тухайлбал, 2015 онд Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханд мөнгө төлснөө тайлбарлах хэрэгтэй болсон тухай уг мэдээлэлд дурдсан байна.
Энэ тухай ‘Рио Тинто’ Монголын авлигын эсрэг байгууллагад тайлбар өгсөн гэжээ. 2013 оноос хойш зургаан удаагийн төлбөрөөр 140 орчим мянган ам.доллар өгсөн асуудал яригдаж байгааг эх сурвалж хэлсэн юм. Б.Бямбасайхан нь одоогоор ял эдэлж буй.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн анхны нүүр тулсан хэлэлцээ дөрөвдүгээр сарын 12-нд болсон. Уг хэлэлцээрт оролцохоор ‘Рио Тинто’-ийн Зэсийн группийн ерөнхий захирал Б.Болд Монголд хүрэлцэн ирээд буй. Хэлэлцээ энэ долоо хоногт дахин үргэлжлэх байсан ч түр хойшлогдоод байгаа аж.