Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албанаас хамтран санаачилсан “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн анхдугаар хуралдаан энэ сарын 27-нд цахимаар болов.
Хуралд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй ажлыг дэлгэрэнгүй танилцуулж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Нэгдсэн зохицуулалтын баг нь цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Нэгдсэн зохицуулалтын баг нь КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн үр нөлөө, эрсдэлийг тооцоололд үндэслэн шаардлагатай хариу ажил өрнүүлэх, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын болон түнш улс орнуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг уялдуулах, шаардлагатай санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжих зорилготой юм.
Түүнчлэн тус хуралдааны үеэр “КОВИД-19-ийн үеийн Монгол Улсын нөхцөл байдал” (https://www.covidmongolia.mn) мэдээллийн нэгдсэн цахим хуудасны нээлтийг албан ёсоор хийлээ. Тус цахим хуудас нь цар тахлын нөхцөл байдлыг шууд, цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлэх, бодит мэдээлэл, тоо баримт болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд монгол, англи хэлээр шуурхай хүргэх зорилготой юм.