Умард Солонгосын эрх баригчид гуравдугаар сард Орос улсад шинэ ажилчид илгээсэн бөгөөд дараагийн ээлжинд тавдугаар сард багтаан Монгол руу ажилчид илгээхээр төлөвлөсөн байна. Энэ бол цар тахлаас болж хилээ хаасан болон олон улсын тавьсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй гадаад валютын хомсдлоос гарах нэг төрлийн арга гэнэ.
Тухайлбал, энэ сарын 2-нд эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын эрх баригчид тавдугаар сард багтаан 200 орчим ажилчин Монгол руу илгээхээр төлөвлөсөн аж. Бэлдсэн ажилчдын 60 хувь нь эрэгтэйчүүд, 40 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эрэгтэйчүүдийг нь хөдөө аж ахуйн салбарт мал маллагаа, арчилгаа, фермийн ажилд томилж, эмэгтэйчүүдийг нь үйлдвэрт ажиллуулахаар төлөвлөсөн гэнэ.
Монгол руу илгээх ажилчдын сонгон шалгаруулалт өнгөрсөн сарын сүүлээр эхэлж, шалгуулагчдыг эрх баригч нар гурван шатны шалгуураар сонгож авсан бөгөөд өдгөө дөрөвдүгээр шатны шалгалт болон бичиг баримт цэгцлэх ажил үргэлжилж байна.
Умард Солонгос улс Хятад, Орос орнуудад ажилчин илгээхдээ сонгон шалгаруулалтад ихэнхдээ дөрвөөс зургаан сарын хугацаа зарцуулдаг. Тухайлбал эхний ээлжинд шалгуулагч нар орон нутгийнхаа эмнэлгүүдэд эрүүл мэндийн үзлэгт орж, эрх баригчдыг гаргасан бусад анхан шатны шалгууруудад тэнцэх эсэхээ шалгадаг.
Харин түүний дараа анхан шатны шалгууруудад тэнцсэн шалгуулагч нар аймгийн намын байгууллагуудын зохион байгуулдаг дараагийн шатны үзлэгээр оролцон ярилцлага өгч, илүү нарийн шинжилгээнүүдэд хамрагддаг. Тэдгээр шинжилгээнүүдээр тухайн шалгуулагч уушгины хатгаа, гепатит, сүрьеэ зэрэг халдварт өвчинтэй эсэхийг тодорхойлдог гэнэ. Гэвч шалгуулагч дээрх өвчнүүдийн халдвартай байлаа ч эмнэлгийнхэн болон шалгагчдаа авлигал өгч нэрээ хасуулахгүй байх боломжтой байдаг гэнэ.
Харин гурав дахь шатны шалгаруулалтыг намын төв хороо, цэргийнхэн зэрэг төрийн удирдлагын нэгжүүд зохион байгуулдаг аж. Тухайлбал, гуравдугаар сард Орос руу илгээсэн өжилчдын гуравдугаар шатны шалгаруулалтыг Гадаад барилгын удирдах товчоо хэмээх газар зохион байгуулж, шалгуулагч нартай нэг бүрчлэн ярилцсаны үндсэн дээр сонголтоо хийсэн бол Монголд илгээх ажилчдын шалгаруулалтыг загасчлалын яам болон капитал барилгын удирдах товчоо зохион байгуулсан байна.
Гурав дахь шалгаруулалтын үеэр шалгуулагч нар Пёньяны ардын хоёрдугаар төв эмнэлэгт дахин эрүүл мэндийн үзлэгт орж, дахин нэг удаа халдварт өвчин илрүүлэх, тэр дундаа ДОХ-ын шинжилгээнд хамрагддаг аж. Эх сурвалжуудын мэдээлснээр шалгуулагч нар дээрх бүх үе шатыг авлигалын аргаар шийдэх боломжтой боловч ДОХ-ын шинжилгээний хариуг өөрчлөх ямар ч боломжгүй гэнэ.
Харин эцэст нь дөрөвдүгээр шатны шалгаруулалтыг гадаад харилцааны яам зохион байгуулдаг байна. Гэхдээ энэ шатнаас бараг хүн хасагддаггүй бөгөөд бичиг баримт бүрдүүлэх, гадаад паспорт, виз гаргах, эцсийн шатны ярилцлага зэрэг ажлуудыг хийдэг гэсэн үг.
Ийнхүү дөрвөн үе шаттайгаар ажилчин шалгаруулдаг тогтолцоог эрх баригчид аюулгүй байдлын төлөө хэмээн тайлбарладаг бол хүмүүс ердөө аль болох их авлигал авах гэсэн арга хэмээн үздэг байна. Эх сурвалжуудын мэдээлснээс үзвэл энэ удаагийн сонгон шалгаруулалтад халдварт өвчний шинжилгээний хариуг аргалуулахын тулд 1000 ам.доллар орчимын хахууль шаардлагатай болж байгаа бололтой.
Харьцуулж үзвэл 2019 онд тус хахуулийн хэмжээ дунджаар 500 ам.доллар байсан гэнэ. Түүнээс гадна сонгогдсон ажилчид замын зардлаа хувиасаа гаргах ёстой байдаг гэнэ. Уг нь өмнөх жилүүдэд ажилчдыг автобус, эсвэл галт тэргээр тээвэрлэдэг байсан ч энэ жил онгоцоор хүргэж байгаа нь дэндүү их зардалтай болжээ. Эцэст нь сонгогдсон ажилчид шалгаруулалтын үеэр өгсөн авлига, замын зардалтайгаа нийлээд ойролцоогоор 3000 ам.долларын өртэй болдог аж. Ажилчид дээрх өрийг гадаадад ажиллаж олсон мөнгөөрөө төлнө хэмээн төлөвлөдөг боловч цалингийнх нь ихэнх хувийг засгийн газар хураан авдаг тул өрөө төлөхийн хажуугаар мөнгө цуглуулах, ар гэртээ илгээх нь маш хүнд даваа байдаг гэнэ.