Улсын Дээд шүүх өнөөдөр М.Энхсайханд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн хорих ялыг зургаан сараар бууруулж бусад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүхээс М.Энхсайханыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи”, “Энержи Ресурс” болон “Сумитомо” корпорацийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр ялласан юм.