- Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоогоод байна. Энэ хүрээнд Увс аймгаас гарах хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цагаас хаажээ. Тодруулбал, хөл хорионы дэглэмийн хугацаанд энэ сарын 14 хүртэл аймаг сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнд хяналт тавих юм. Уг шийдвэрийн хүрээнд аймгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөнийг хорьжээ.
- Завхан аймгийн Онцгой комиссоос хөл хорионы дэглэмийн хугацаанд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус аймагт энэ сарын 13-ны 23.00 цаг хүртэл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Сонгино, Отгон, Завхан голын гүүр, Согоотын даваа, Улиастай суманд гурав, нийт есөн цэгт хяналтын пост ажиллуулж хяналт тавих юм байна. Мөн боловсролын шатны бүх үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ түр хааж хөл хорио тогтоогоод байгаа юм. Аймгийн Онцгой комиссоос энэ сарын 10-нд Улаанбаатар хотоос гарсан хоёр автобусанд зорчиж буй 43 иргэнд мэргэжлийн баг тусгай тандалт үзлэг оношилгоо хийжээ.
Мөн 29 иргэнтэй автобусны зорчигчдыг гэрийн тусгаарлалтад байлгах, 14 хүнтэй автобусанд 21 хоногийн хязгаарлалтаас гарсан иргэн зорчиж буй тул тусгай байр бэлдэж иргэдийг тусгаарлахаар шийдвэрлэжээ.
- Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрөөс хөл хорио тогтоогоод байна. Энэ хүрээнд аймгийн төв Чойбалсан хот болон сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой юм байна.
- Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.11.11/ өглөөний 08.00 цагаас эхлэн орох, гарах хөдөлгөөн хязгаарлаад байна. Энэ сарын 13-ны 23.00 цаг хүртэл аймгийн нутаг дэвсгэрээс гарах болох орох хөдөлгөөнийг түр хааж байгааг аймгийн Онцгой комиссоос мэдэгдэв. Мөн энэ сарын 7-ны өдрөөс хойш аймагт агаарын тээвэр, нийтийн тээвэр, хувийн унаагаар ирсэн иргэдээс тандалт судалгаа авахаар болжээ. Хөл хорионы дэглэмийн хугацаанд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон ба үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаалаа.