Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.
Мөн:
– Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан
– Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.
Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:
– Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах
– Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх
– Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх
– Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.