Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Засгийн газарт “Дүн тавих” цаг – 4:11″ мэдээллээ хийлээ. Тус нам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоног хангалтгүй ажилласан гэж үзэж буйгаа мэдэгдэв.
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:
-Засгийн газар бүтэн жил хөл хорио тогтоон, цар тахлын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан ч хангалтгүй байлаа. Улсын хэмжээнд 46800 хүн Covid-19-т өртсөн байдалтай Засгийн газар 100 хоногтойгоо золголоо. Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо эрс нэмэгдсэн. “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд 18.4 тэрбумын зардал гаргасан ч сөрөг үр дагавар авчирлаа. Халдвар хүрээгээ тэлж, өвчлөл нэмэгдсэн үед өвдсөн иргэд хаана, хэнд хандахаа мэдэхээ больсон. Төрийн байгууллагууд нь утсаа авдаггүй, эмнэлгүүд нь тоохоо больсон. Халдварт өртсөн иргэд алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эмч, эмнэлгийн ажилтны нөөц шавхагдаж, эмнэлгийн нөөц тусламж хүрсэнгүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг шийдэж чадалгүй, зохион байгуулалтгүй байлаа. Хөл хорионы үеэр автомашин хориглож автобусанд чихэх, цагийн хязгаарлалт тогтоож, нэг дор бөөгнүүлэх арга хэмжээнүүд авсныг иргэд шүүмжилсэн. Яагаад ийм арга хэмжээ авсан нь тун ойлгомжгүй байлаа.
2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5.1 их наяд, олон улсын хандивлагчдын өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шилэн биш байна. Энэ төсөв мөнгөний зарцуулалт үр ашиггүй байсан, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай. Эдийн засаг маш хүнд байдалтай байна. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчиж, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл болсныг шүүмжилж байна. 10 их наядаар социализмыг байгуулах, төр данхайх, хувийн хэвшлийн оролцоог хязгаарлах, зөвхөн эрх баригчдад ойр төрлийн бизнесийг дэмжих, сонгогчдын санал худалдаж авах чиглэлээр хэрэгжиж байна.
Өнгөрсөн онд улсын төсөвт тодотгол хийлгүй, үр ашиггүй үрэлгэн цаг үеийн нөхцөлд тохироогүй төсөв мөнгөний асар их зарцуулалт хийсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувьд хүрч, бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орлоо. Энэ оны эхний таван сард ч энэ байдал үргэлжилж байна. Мөн адил Ерөнхийлөгчийн сонгууль угтсан төсөв мөнгөний зарцуулалтад болгоомжилж байна.
Ажлын байрыг дэмжих зээл ойлгомжгүй, хүртээмжгүй байна. Энэ зээл хаана, хэнд олгогдож байгаад бид хяналт тавина. Дашрамд дурдахад, улсын гадаад өр нийт 32.2 тэрбум ам.доллар болж өссөн байна. Өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969 сая ам.доллараар тус тус өссөн байдалтай. Эдийн засгийн суурь үзүүлэлт маш хүнд байна. Удаа дараалсан таван удаагийн хатуу хөл хорионы үр дүнд Монгол Улсад давхар стандарт үүсчихлээ. Иргэд хоригдож, танилтай нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж, QR кодоо авдаг. Жишээ нь, Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-ийн улаан бүсэд дураараа явж байхад иргэд өвчин нь хүндэрсэн эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй хагацсан олон тохиолдол бий. Цар тахлын нөлөө, хатуу хөл хорио иргэдэд хүнд тусч байхад дарга нарт зөөлөн бас ашигтай байна. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй.
Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын салбарт цэрэг амиа алдсан, даргаа буудаж хөнөөсөн асуудлууд гарч байгаа ч Засгийн газар дорвитой арга хэмжээ авсангүй, бас хариуцлага хүлээсэнгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдээ цэрэгт явуулна гэсэн болчимгүй мэдэгдэл хийсэн. Үүнийгээ дарах гэж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож ял эдэлж буй Т.Чимгээг хорих ангид эргэж, шоу болгосон. Эргээд энэ нь хууль хүчний бие даасан үйл ажиллагаанд нөлөөлсөн зохисгүй үйлдлээрээ болчимгүй мэдээллийг дарсан.
Мөн “Карентин-14” шоу, “Мэдээллийн урсгал” зэрэг олон нийтийг тайвшруулсан үзэл суртлын, коммунист шинж чанартай шоу арга хэмжээ зохион байгуулсан. Ерөнхийд нь дүгнэвэл, Засгийн газар 100 хоногт гал унтраах маягтай, амиа аргацаасан популист арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, асуудлыг ул үндсээр нь шийдэж чадаагүйг дээрх бүх ажлын үр дүн харууллаа.
Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хооронд уялдаа байхгүй, хоорондоо зөрчилдсөн шийдвэр гаргаж, цар тахлыг барьж чадаагүй. Энэ бол алдаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хөрөнгө санхүүг оновчтой зарцуулж чадсангүй. Цар тахалтай тэмцэх ажлын хөрөнгө зарцуулалт далд нуугдмал байна. Үүний цаана авлигын сүлжээ байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудалд Ардчилсан нам хяналт тавьж ажиллана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өөрсдийнх нь хэлсэн шиг амжилттай байсангүй. Харин ч өнөөдрийн асуудал бэрхшээл зовлон, хүндрэлийг нэмсэн. 2021-2030 хүртэл Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлнэ гэх дараагийн мөрөөдлөө ярьж, иргэдийг тайвшруулан аргацааж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульдаа зориулсан явуургүй мэдэгдэл хйиж байна. Засгийн газар цар тахлыг арван сар дотоодод алдаагүй гэдгээрээ сайрхаж байгаа ч эсрэгээрээ эдийн засгаа хорьж, бизнес эрхлэгчдээ элгээр нь хэвтүүлж, хүүхдүүдийг хоёр жил дараалан хорьж, дэлхийн боловсролоос хоцроосон.
Мөн 100 хоногийн тайлан мэдээлэлд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл ус, тог, цахилгаан дулааны татварыг хөнгөлж, хүүхдийн мөнгө олгож буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх талаар судалгаа хийж байна гэж хэлсэн. Энэ бол эдийн засаг хүндэрсэн үед хэрэгжих ямар ч боломжгүй хатуу үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Худал төөрөгдүүлсэн мэдээллийг иргэд ойлгох ёстой. Бодит байдал дээр улсын хэмжээнд хэрэгжих ёстой байсан маш том төслүүд зогссон. Дарханы зам хаана байна, төв цэвэрлэх байгууламж хаана байна? Ялангуяа хаврын улиралд тухайн жилийн суурь ажлыг хийдэг ч өнөөдөр бүхлээр нь хорьчихлоо. Улирлын чанартай бизнес эрхлэгчид үгээ барсан байдалтай байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж буй юм.