Ардчилсан намын долоо хоног бүрийн Пүрэв гаригт зохион байгуулдаг 4:11 уулзалт болж, 2020 оны сонгуулийн үр дүнг хууль бусаар авсан МАН-ын талаар ноцтой баримтыг дэлгэв.
Хэвлэлийн хуралд санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа “сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан” хэрэгт шалгагдаж буй иргэн н.Ган-Очир оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.
Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамрагддаг.
МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн оны наймдугаар сард маргалдсан.
Сонгуулийн цахим машины программчлалын хугацаа дууссан учир өөрчилсөн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэсэн, би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон.
Би улс төрийн золиос болно гэдэг үүднээсээ маш их айж байсан. Надад бүх яриа, бичлэг байгаа.
Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” гэв.