Тун удахгүй буюу 06-р сарын 09-нд бид Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох найм дахь удаагийн сонгуулиа хийцгээнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгнө гэдэг нь иргэн бүрийн хувьд зургаан жилд нэг удаа төрийн эрх барих эрхээ эдлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг байдаг.
Гэвч сүүлийн жилүүдэд сонгогчдын идэвх оролцоо буурч, сонгуульдаа оролцон, саналаа өгөх тал дээр тун хойрго ханддаг болжээ. Энэ нь иргэдийн дунд нийтлэг ажиглагдаж буй “надаар дутав гэж дээ” хэмээх аминч үзэл газар авсантай холбоотой юм.
Гэвч таны ганц санал ямар үнэ цэнтэй болохыг, таны болон таны үр хүүхдийн ирээдүйн амьдралыг тодорхойлдог гэдгийг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай.
Тэгвэл “Сонгогчдын боловсрол төв”-өөс Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр сонгогчдод мэдлэг, мэдээлэлтэйгээр сонгуульд оролцох, тэдний идэвхийг сэргээн, оролцоог нэмэгдүүлэх санаачлага бүхий “Би сонгуульд оролцоно” кампанит ажлыг өрнүүлээд байна. Тус кампанит ажил нь “Би мэдлэг, мэдээлэлтэй оролцоно”, “Би хариуцлагатай оролцоно”, “Би хариуцлагатай Ерөнхийлөгчийг сонгоно”, “Би саналаа хариуцлагатай өгнө” уриан доор зохион байгуулагдаж, сонгогчдын боловсролын талаар мэдлэг, мэдээллийг цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан сонгогчдод хүргэж байна.
Мөн дээрх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон залуу сонгогч, алслагдсан иргэдийн сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэн, түүгээр дамжуулж идэвхийг нь дэмжих зорилго бүхий цуврал видео, аудио контент, цахим мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Түүнээс гадна Ерөнхийлөгч гэж хэн бэ, Ерөнхийлөгч яг юу хийдэг талаарх ойлголтуудыг нэгдсэн байдлаар хүргэх үүднээс сонирхолтой мэдээлэл, баримтуудад тулгуурлан хийсэн ажлууд нь иргэдийн талархалыг хүлээсэн юм. Сонгогч та “Сонгогчдын Боловсрол Төв”-ийн албан ёсны https://www.facebook.com/VoterEducationCenter хуудсаар дамжуулан тус кампанит ажилд нэгдэх боломжтой бөгөөд 1800-2800 лавлах утсанд хандан, сонгогчоос сонгуульд оролцох, сонгох эрхээ хэрэгжүүлэхэд хэрэгтэй мэдээлэл, лавлагаа, зөвлөгөөг авах боломжтой ажээ.