УОК-оос гарсан шийдвэрийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өчигдөр танилцуулсан.
Тэрбээр “Гадаадаас ирэх иргэдэд манай улс заавал вакцины давтан тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй байгаа. Учир нь дэлхийн аль ч улс давтан тунд хамрагдсан хүнийг хил рүүгээ нэвтрүүлнэ гэсэн шаардлага гаргаж зарлаагүй.
Үүний нэгэн адилаар манай улсад гадаадаас ирэх иргэд хэрвээ давтан тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол гэрийн ажиглалтад долоо хонуулна. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын байранд буюу зочид буудалд тусгаарлахгүй гэсэн үг.
Тиймээс ч Гадаад харилцааны яам гаднын бусад орны Элчин сайдын яамд руу Монгол Улс хилээ нээж, виз олгож байгаа бөгөөд долдугаар сард жуулчид ирэхээр бол тэдэнд тавих шаардлагыг түгээмэл өгч байгаа юм.
Түүнчлэн гаднын иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй бол, тэр дундаа коронавирусийн мутацид орсон хувилбар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлснийг УОК-ын хурлаар дэмжиж шийдвэрлэсэн.
Харин ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж буй гаднын иргэд давтан тунд хамрагдаагүй бол гэрийн тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгдөнө.
Гаднын ихэнх улс бусад улсаас зорчих иргэдийг 7-14 хоног тусгаарлах, вакцины давтан тунд хамрагдсан байсан ч 72 цагийн PCR шинжилгээний бичгийг шаардаж байгаа” гэдгийг онцолсон юм.