АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA) Сугар гариг руу 2028-2030 оны хооронд хоёр тусдаа судалгааны станц хөөргөх болсноо өчигдөр (2021.06.02) зарлажээ. Дэлхийтэй хөрш зэргэлдээ Сугар гариг дээр яагаад амьдрал байдаггүй, шатам халуун болсныг тус станцууд судлах аж.
NASA хамгийн сүүлд “Magellan” нэртэй тойрог замын станцаа 1990 онд Сугар гариг руу илгээж байсан ба сүүлийн 30 жил энэ гаригийн судалгаа руу төдийлөн анхаарал хандуулаагүй билээ.
Сугар гаригийн судалгаанд NASA нийт 500 орчим сая ам.доллар төсөвлөжээ. “DaVinci+ (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging) нэртэй станц нь Сугарын агаар мандлын бүтэц, үүслийн талаар судалбал “Veritas (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography, and Spectroscopy) нэртэй хоёр дахь станц нь тойрог замаас Сугарын гадаргын зургийг буулгаж, геологийн түүхийг тодорхойлох юм байна.
Уг төсөлд Герман болон Итали, Францын эрдэмтэд оролцох ба Германы судлаачид хэт улаан туяаны газрын зураг бүтээгч багаж, Итали, Францын эрдэмтэд радарын техник нийлүүлж оролцохоор болжээ.