Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ. Шүүхээс цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг өнөөдөр /2021.06.07/ хянан хэлэлцсэн.
Нэхэмжлэгч талаас А.И.Цэдэнбал Филатоваг дөрвөн үндэслэлээр хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн.
Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгахаар болов.