УОК-ын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар /ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газар/-ын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглоод байгаа. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглоод байна. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ. Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байна.
Аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөн гэж үзэж байгаа юм. Тэд нийгмийн сүлжээнд #Бид ч бас нэгдэж байна! чэлленж эхлүүлээд байна. Чэлленжид нэгдэх аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна.
Мэдэгдэлд:
‘Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү? Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.
Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.
Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.
Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе’ гэжээ.