Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт тангаргаа өргөж, Тамгын газрын бүтцийн томилгоогоо хийсэн. Түүний үргэлжлэл болгож, зөвлөхүүдээ томилж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэмд зааснаар Ерөнхийлөгч зөвлөхүүдтэй байх бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлөгддөг.
Ерөнхийлөгч:
- Улс төр, цэргийн бодлого
- Хуулийн бодлого
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлого
- Гадаад харилцааны бодлого
- Үндэсний аюулгүй байдлын бодлого
- Хүний эрх, иргэний оролцооны бодлого
- Төсөв, мөнгө, татварын бодлого
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлого
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал
- Байгаль орчин, амьдрах орчны бодлого
- Хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэсэн зөвлөхүүдтэй байна.
Мөн Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдтэй байдаг.
- 8.4.1. Орон тооны бус зөвлөхүүдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлнө.
- 8.4.2. Орон тооны бус зөвлөхүүд нь Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд шаардлагатай асуудлаар урилгаар оролцож болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдтэй байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томилж эхэлсэн бөгөөд Т.Мөнхсайхан Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Хууль эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргалыг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, С.Лүндэг нарыг томилжээ.
- Т.Мөнхсайханы хувьд өмнө нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бөгөөд сайдын ажлаа өгснийхөө дараа МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
- Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргалын хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшаар ажиллаж байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байсан салбартаа мэргэшсэн хүн юм.
- Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нь эдийн засгийн чиглэлээр мөн л мэргэшсэн хүн юм.
- Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ.
- С.Лүндэгийн хувьд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь шадар зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хүү юм. Тэрбээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажилласнаас нь хойш Шадар зөвлөх, туслахаар нь ажиллаж байсан юм.
Мөн МУИС-ийн багш Ч.Лодойравсал, МУИС-ийн нийгэм соёлын анторопологийн танхимын эрхлэгч Д.Бум-Очир нар зөвлөхөөр томилогдсон гэсэн мэдээлэл байна. Одоогоор эдгээр зөвлөхүүд албажсан бөгөөд удахгүй бусад зөвлөх болон орон тооны бус зөвлөхүүдийн мэдээллийг хүргэнэ.