Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр өнөөдөр уулзлаа.
Дээрх аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр болов. Түүнчлэн зарим шаардлагатай өөрчлөлтийг гэрээний хавсралтаар тусгажээ.
Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгамдсан асуудлаа Хотын даргад дуулгав. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар үйл ажиллаа явуулдаг амралт, жуулчны газрууд үйл ажиллагаа явуулаагүй байсан ч газрын төлбөр төлдгийг чөлөөлөх, эсвэл багасгах боломжтой эсэхийг лавлажээ.
Засаг дарга Д.Сумъяабазар хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ. Иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсээд, гэрээнд шаардлагатай өөрчлөлт оруулахыг холбогдох албаныханд даалгав.
Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, шуурхай шийдэх боломж, бололцоог эрэлхийлж, нааштай шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэлээ.