Цар тахлын хүнд ачааг үүрч буй эмч ажилчид цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж буй. Тэдний төлөөлөл Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө суулт зарлаж байгаа юм. Хэрэв эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэхгүй бол өнөөдрөөс ажил хаялт зарлана гэдгээ эмч, ажилчид мэдэгдлээ.
Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид салбарын сайдад нөхцөл байдлыг сайжруулах талаар өмнө нь удаа дараа хандсан боловч тодорхой шийдэл гаргахгүй өнөөдрийг хүрснийг эсэргүүцэж байна. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, суулт зарласан эмч ажилчдын төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар уулзлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН:
-Цар тахал сүүлийн 30 жил Монгол Улсын сул дорой байдлыг харууллаа. Эрүүл мэндийн салбарын ажилчдыг хийснээр нь шударга үнэлэх тогтолцоо дутагдаж байна. Манай салбарын 55 мянган эмч ажилтан цар тахлын эсрэг тэмцэж байна. Иймд та бүхний дуу хоолойг бид үргэлж сонсдог. Зөвхөн эрүүл мэндийн салбарыг дэмжих зорилгоор 2021 оны улсын төсөвт 730 тэрбумыг шийдлээ. Бусад салбаруудаас тэвчиж болох зардлуудыг танаж улсын төсөвт суулгаж байгаа юм. Дараа нь эрүүл мэндийн даатгалын тогтцолцоог өөрчилснөөр эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломж бүрдэж байна. Эмч нарын цалинг зөвхөн хоёр дахин ч биш дөрөв, тав дахин нэмэгдүүлэх боломжтой. Эрүүл мэндийн ажилчдын цалингийн дээд хязгаар байхгүй болсон. Мөн цар тахалтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаж буй гуравдугаар тогтоолд зайлшгүй хяналт тавьж, өртөг шингэсэн эсэхт заавал тооцоо хийж шалгах ёстой. Дараа нь, эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж байна. Би халатаа тайлсан ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгохын төлөө ажиллана. Та бүхэнтэйгээ хамт шүү.