Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн чиглэлийн дагуу эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмж эхэллээ.
Тэрбээр эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг цаг тухай бүрд нь олгохыг үүрэг болгосон. Эрүүл мэндийн багц хуулийн дагуу эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Уг санхүүжилт нь эмнэлгийн удирдлага урсгал зардлаа дотроо зохицуулж, ажилчдынхаа цалин хангамжийг нэмэх боломж бүрдсэн гэсэн үг юм.
Гуравдугаар шатлалын эмнэлгүүд хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаар төсөвлөсөн мөнгөнөөсөө илүү гүйцэтгэл хийж даатгалын ерөнхий газраас санхүүжилтээ авсан. Ихэнх эмнэлэг нь цалингаа тавьж, урсгал зардлаа төлөөд тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байх тооцоолол гарчээ. Иймээс нэн тэргүүнд эмнэлгийн дарга нар ажилчдынхаа цалинг нэмэх нь зөв гэдэг үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд дарга нарт чиглэл өгсөн юм. Үүний дагуу ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж нийт ажилчдынхаа цалинг 7 дугаар сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмээд байна.
Мөн Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир улаан бүсийн ажилчдын илүү цагийг энэ сарын 1-нээс гурав дахин нэмж олгож эхлэх шийдвэр гаргажээ. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн гэнэ. УГТЭ нийт ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс эхлэн 10-20 хувиар нэмэхээр болжээ. Улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу эхлүүлсэн гэдгээ Ц.Төмөр-Очир дарга мэдэгдлээ.