Өнөөдөр намрын дунд сарын шинийн 1-ний өдөр. Монголчуудын хувьд намрын дунд сар хурим, найр хийх нь хамгийн тохиромжтой цагт тооцогддог.
Гэвч хосуудын хайр сэтгэл, гал голомтоо бадраасны гэрч болдог Гэрлэх ёслолын ордон цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор одоогоор ажиллаж эхлээгүй байгаа юм.
Тодруулбал, COVID-19 халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын улмаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан бөгөөд тус хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлд хурим, найр багтаж буй.
Тэгвэл ирэх сард буюу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусахаар Гэрлэх ёслолын ордон хэрхэн ажиллахыг тус ордны Захиргаа хариуцсан менежер Г.Бүжинлхамаас тодрууллаа.
-Танай ордонд хосууд энэ жил хуримаа хийх захиалга хэр өгч байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор одоогоор манай үйл ажиллагаа хязгаарлагдмал байна. Гэхдээ ирэх сард 100 орчим хос гэрлэлтээ батлуулахаар захиалга өгөөд байна.
-Ирэх сард ажиллаж эхэлбэл халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх вэ?
-Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгахгүй бол Гэрлэх ёслолын ордон халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, үйлчилж эхэлнэ. Энэ жилийн хувьд хосууд голомтоо бадраахад хамгийн сайн өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-н есдүгээр сарын 22-нд тохиож буй.
Тиймээс ирэх сард гэрлэлтээ батлуулахаар захиалга өгсөн хүмүүсийн ихэнх нь тухайн өдөр таарч байгаа.
Үйлчилгээг нээхдээ орж ирэх хүн бүрийн халууныг тогтмол хэмжих бөгөөд хүн хоорондын зайг баримтлуулна.
Ингэхдээ хоёр талаас нийлээд 30-аас дээш хүн оруулахгүй. Мөн хүүхдэд үйлчлэхгүй байхаар төлөвлөж байгааг хэлье.
-Жилд хэчнээн хос гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг вэ. Цар тахлын улмаас энэ тоо өөрчлөгдсөн үү?
-Манай ордонд жилд 900-1,000 хос гэрлэлтээ батлуулдаг ч өнгөрсөн жилээс уг тоо буурч эхэлсэн.
Тухайлбал, 2020 онд Гэрлэх ёслолын ордонд 620 орчим хурим болсон нь урьд жилүүдээсээ дунджаар 300-аар буурсан үзүүлэлт.
-Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, хурим хийхэд хэчнээн төгрөгийн өртөгтэй байдаг вэ?
-Ажлын болон амралтын өдөр, бэлгэт сайн өдрөөс хамаараад 900,000-1,500,000 төгрөгийн үнэтэй байдаг.