УИХ-ын дарга Г.Занданшатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын багийн гишүүд, дэд ажлын багийн бүрэлдэхүүнийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах улс төрийн намыг байгуулахаар, улс төрийн намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байхаар Үндсэн хуульд тусгасан. Эдгээр зарчмыг “амилуулах”-аар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулсан юм. Тус ажлын багийн ажлыг эрчимжүүлэхээр уулзалт зохион байгуулж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд танилцуулав.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр болон ажлын дэд багийн гишүүд болох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од, Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од, “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов.
Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд суурилсан байх, тэдгээрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хэллээ. Тэрбээр “УИХ 2012 оноос хойш гурван бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах хуулийг батлан гаргахаар ажиллаж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан энэ удаагийн ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын багийн бүрэлдэхүүнд улс төр судлаач, туршлагатай эрдэмтэд байгаа юм. Бид пост-коммунист улс орнууд болон хөгжингүй, ардчилал өндөр хөгжсөн орнуудын улс төрийн нам, түүний санхүүжилтын талаарх эрх зүйн зохицуулалтуудыг нарийвчлан судалж, Монгол Улсын онцлогт нийцсэн, хэрэгжих бүрэн боломжтой зохицуулалт бүхий төслийг боловсруулахаар ажиллаж байна. Улс төрийн нам нь онол, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлогоороо өрсөлддөг, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, ардчилсан болж төлөвших юм бол энэ нь төр тогтвортой, авлигаас ангид байхын суурь болдог” гэлээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дэх “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан болохыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцолж, төслийг боловсруулахдаа улс төрийн намын гишүүнчлэлийн талаарх зохицуулалтыг нэн тодорхой болгох нь зүйтэй гэдэг саналыг тодотгов.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг нэн шуурхай хэлэлцэн, батлахыг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа нар илэрхийлсэн юм. Ингэхдээ, олон намын тогтолцоонд шилжсэн өнгөрсөн 30 жилийг, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг дүгнэж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэв. Иймд хууль тогтоогчид, улс төрчид нийгмийн шаардлагад анхаарч, улс орны хөгжил дэвшилд улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх бололцоог бүрдүүлэх, төрийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор, улс төржилтгүйгээр хамтарч ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэрэгжилтийн хугацааг өөрчлөх санал хэлж байлаа.
Улс төрийн намууд эрх мэдэл, сонгуулийн ялалтыг биш харин улс орны хөгжлийг чухалчилдаг болоход дээрх хуулийн төслүүд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа Д.Сарангэрэл гишүүн тэмдэгдэв. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчнээс эхлээд 30 жилийн түүхтэй, түүнээс “залуу” улс төрийн намууд шинэчлэгдэж, улс орны хөгжлийн төлөө ажилладаг, нэгддэг, бодлого төлөвлөлтийн эх уурхай болж төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-д суудалтай улс төрийн намууд төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн бүх нам хамтран ажиллаж, зөвшилцөх нь зүйтэй гэлээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дэх чухал зохицуулалтын нэг нь улс төрийн нам дотоод ардчилалтай, ил тод санхүүжилттэй байх хэсэг гэдгийг профессор, доктор О.Мөнхсайхан хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”-ын тулд улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг нэн шуурхай хэлэлцэн, баталснаар олон эерэг үр дагавар гарна гэдэг хүлээлттэй байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл хийсэн.
Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн талаарх эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, энэ төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс улс орны авилгалын түвшин шууд хамааралтай байсан гэдгийг “Трансперенси Интернешнл” иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од тэмдэглэв. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн талаарх эрх зүйн орчныг бүрдүүлсэн, хэрэгжилтийн түвшин өндөр улс оронд авлигалын түвшин бага байсан бол энэ төрлийн эрх зүйн зохицуулалтгүй, хууль тогтоомж байсан ч хэрэгжүүлдэггүй улсын төр засаг авлигалд илүү өртөмтгий, төрийн бодлогод нь хөрөнгө мөнгө, санхүүжилтээр дамжуулан нөлөөлөх эрсдэл өндөр байдгийг судалгааны дүнгээс харж болох юм байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж, баталснаар Монгол Улсын авлигалын индекс хоёр оронтой тоо руу шилжихэд нөлөөлөх чухал хүчин зүйл болно гэдгийг Л.Төр-Од захирал хэлж байв.
Нам эрүүл бол төр эрүүл, төр эрүүл бол улс орон хөгжинө гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг нэн яаралтай ажил хэрэг болгох шаардлагын үүднээс ажлын хэсэг 8, 9 дүгээр сард эрчимтэй ажиллаж, төслийг эцэслэн боловсруулж өргөн барих чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө. Тэрбээр “Судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан улс төрийн намын орчин үеийн чиг хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах зүйтэй. Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд суурилсан байх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох нь нэн чухал хэмээн үзэж Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Мөн сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэний дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах журмыг тогтоох нь нэн шаардлагатай хэмээн үзсэн. Үүнийг өнөөгийн улс төрийн намуудын нөхцөл байдал ч нотолж байна, судлаачид, эрдэмтэд ч сануулсаар байдаг. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд нь Монголын ардчиллыг төлөвшүүлэхэд, төгөлдөржүүлэхэд нэн чухал ач холбогдолтой” хэмээлээ.
Ард түмэн Монгол Ардын Намд үнэмлэхүй итгэл үзүүлсэн, тиймээс үнэмлэхүй итгэлийг үнэмлэхүй зүтгэлээр хариулах учиртай хэмээн тэмдэглээд “Намууд эрх мэдлийн төлөө биш, улс орны хөгжлийн төлөө бодлогоо уралдуулдаг, засаг төр нь тогтвортой ажиллах учиртай” хэмээв.
Хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд улс төрийн намууд цогц өөрчлөлт, дэвшил гаргахаар ажиллаж байгаа, УИХ ч энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Г.Занданшатар дурдаад, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ зарчимд нийцүүлэхийг чиглэл болгосон. Төслийг боловсруулах ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай улс төрийн намууд ажиллах ч бусад намтай зөвшилцөн, хамтарч ажиллаад, есдүгээр сарын 15-ны дотор өргөн мэдүүлэхийг чиглэл болгов.