Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр 2022 оны төсвийн хуулийн төслийг Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар ирэх 2022 онд дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
Үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компанидад бүтцийн өөрчлөлт хийнэ.
Ирээдүйн өв сангаар баталгаажсан ‘Хуримтлалтай монгол хүүхэд’, ‘Баялагтай эзэн монгол’ иргэдийг бий болгоно.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай үргэлжлүүлнэ.
Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ.
Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй үргэлжлүүлнэ.
Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Үргэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллана. Энэ хүрээнд улсын төсвөөс замын түгжрэлийг шийдэх хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.