Коронавирусний цар тахлын улмаас Японы нийслэл Токио хотын нийтийн хоолны газруудын үйл ажиллагаанд тогтоогоод байсан хязгаарлалтуудыг 11 орчим сарын дараа өнөөдрөөс эхлэн цуцалжээ.
Гэхдээ зөвхөн цар тахлын үед мөрдөж ажиллах эрүүл ахуй, ариун цэврийн хатуу шаардлагыг бүрэн дагаж мөрдөж байгааг баталгаажуулсан гэрчилгээг хотын эрх бүхий байгууллагаас олгосон газруудад л цуцалсан байна.
Нийтийн хоолны газруудад тухайлбал, оройн цагаар ажиллах цагийг багасгаж, согтууруулах ундаа худалдахыг хориглох зэрэг хязгаарлалтууд мөрдөгдөж байв. Гэсэн хэдий ч эрх баригчид оройн есөн цагаас хойш үйлчлүүлэгчдэд согтууруулах ундаа зарахаас татгалзах, мөн нэг ширээнд дөрвөөс илүү хүн суулгахгүй байхыг нийтийн хоолны бизнес эрхлэгчдэд уриалж байна. Түүнчлэн тав ба түүнээс дээш хүн үйлчлүүлэх тохиолдолд коронавирусний вакцин хийлгэсэн эсэхийг шалгахыг шаардаж байна, гэхдээ энэ бүхэн нь зөвхөн зөвлөмж юм. Хязгаарлалтуудыг цуцалснаар хотын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа сэргэнэ гэж Токиогийн эрх баригчид үзэж байгаа ч кафе, баар, рестораны эздэд халдварын шинэ давлагаанаас болгоомжилж, аль болох сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
Өнгөрсөн долоо хоногт Токиод он гарснаас хойших халдварын хамгийн цөөн тохиолдлууд бүртгэгджээ. Японд өнгөрсөн зун халдварын тав дахь давлагаа дэгдэж, нэг өдөрт илрэх халдварын болон нас баралтын тохиолдлын тоо тогтмол нэмэгдэж, дээд үзүүлэлтэд хүрч байв. Харин сүүлийн долоо хоногуудад өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо эрс буурсан бөгөөд энэ нь хүн ам вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байгаатай шууд холбоотой гэж тус улсын эрх баригчид тайлбарлаж байна. Одоогийн байдлаар өдөрт халдварын мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж, өвчний хүнд тохиолдлын тоо ч мөн огцом буурчээ.