Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн харьяат Б.Бадрах, Б.Бямбасүрэн, Н.Баатарцогт нар “Хүрэмт саримс” ХХК байгуулж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмтийн рашааны үржил шимт хөрсөнд солонгос технологиор саримс нутагшуулан тариаллаа.
Солонгос улсын саримсны аж ахуйд 7-8 жил ажиллан хуримтлуулсан туршлагаа Монголын хөрсөнд суулгаж, шинэ сортын ягаан хальст саримсаар хэрэглэгчдийг хангаж эхэлсэн нь олон хүний таашаалд нийцсэн байна.
Хоёр жил хувьдаа туршилтаар тариалсны үндсэн дээр энэ жил 40-өөд сая төгрөг зарцуулан нэг га талбайд нэг тонн монгол саримс, 180 кг сонгино тарьж, Хүрэмтийн 14 төрлийн эрдэс, элементтэй рашаанаар услан аагтай, амт чанартай 5 тонн саримс, 10-аад тонн сонгино хураан авчээ.
Цар тахал нүүрлэсэн, ханиад томуу элбэгшсэн энэ хүнд цаг үед Хятадын саримс худалдан авахгүйгээр, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах нь эдгээр залуусын зорилго юм. Тиймээс ирэх жил Сэлэнгэ аймгийн Сант суманд 18 га талбайд ахиухан хэмжээгээр тариалах зорилт тавьж, газраа хагалах, тэгшлэх, уринш бэлтгэх ажилдаа хэдийнэ ороод байна.
Саримс, сонгиныг тарихдаа газарт булж орхиод услаад байх биш, өөрийн гэсэн арга технологи байдаг, түүний зэрэгцээ байгаль, цаг агаарын байдал ихээхэн нөлөөлдөг, өөрийн хүчин чармайлт их шаардагддаг болохыг Н.Баатарцогт хэлэв. Анхны тариалалтаа хийхдээ тоног төхөөрөмж, эд хэрэгслийг Солонгос улсаас оруулж ирсэн учраас зардал өндөр гарсан хэмээж байлаа.
Ургац хураалтын үеэр орон нутгаас 50-иад хүн ажиллуулж, мөн хураалтаас үлдсэн ургацаа нутгийн иргэдэд үнэ төлбөргүй тараасан нь олон хүнийг баярлуулжээ. Монгол орны газар нутаг уудам ч зөв ашиглаж чаддаггүйд харамсаж явдаг, төр засгаас залуучуудыг бодлогоор дэмжиж газар тариалангийн салбарт ажиллах хүсэл сонирхлыг бий болгох хэрэгтэй хэмээн тэд хэлж байсан юм.