Арчер Калдер нэртэй 17 настай хүү цор ганц төрсөн дүү Деллатайгаа огт ярьж үзэлгүй хүүхэд насаа өнгөрөөжээ. Дүү Делла нь “Bainbridge Ropers”-ын хам шинж буюу хүний хөдлөх, ярих, идэх үйлдлүүдэд нөлөөлдөг нэг төрлийн генетикийн ховор эмгэгтэй байсан.
“Миний дүү өөрийгөө маш сайн илэрхийлдэг. Хэрвээ аливаа зүйлс түүний санаснаар болохгүй бол тэрийгээ ямар нэг байдлаар заавал мэдэгддэг” гэж тэрбээр дүүгийнхээ талаар ярьжээ.
14 настай Делла нь гараараа дохио зангаа үзүүлж, цөөн хэдэн дуу авиа гаргах байдлаар гэр бүл асран хамгаалагчидтайгаа харилцдаг. Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай олон аппликейшныг тэрбээр өмнө нь ашиглаж байжээ. Гэхдээ үр дүнгийн хувьд тийм ч сайн байсангүй. Чухам ямар нь илүү сайн болохыг туршиж үзэх нь гэр бүлийн санхүүгийн хувьд асар их зардалтай байжээ.
Харилцааны эл шударга бус байдал нь маш олон гэр бүлийг санхүүгийн хүндрэлд хүргэж байгааг Арчер хүү мэдэрсэн байна. Тиймээс тэрбээр өөрийн код бичих чадвараа ашиглан “Freespeech” нэртэй аппликейшнийг хөгжүүлэхээр зорьжээ. Уг аппликейшн нь гар утас, таблет, компьютер зэрэг бүх төрлийн төхөөрөмжүүдээс холбогдох боломжтой.
Ижил төстэй бусад аппликейшнийг хэрэглэгч ашиглахын тулд өөрийн сонгосон зураг бүхий товчлуурыг дардаг. Товчлуурыг дармагц тухайн зүйлийг нь чангаар дуудаж хэлдэг. Харин “Freespeech” аппликейшны товчлуурын хувьд сонголтыг нь хялбархан өөрчлөх боломжтой. “Деллагийн сонголт үргэлж өөрчлөгдөж байдаг. Бид түүний дуртай киноны дүрүүдийг товчлуурын сонголтод оруулаад, удалгүй сонирхол нь буурмагц өөр зүйлсээр солих боломжтойгоор хийсэн” гэж охины аав хэлжээ.
Энэхүү аппликейшны тусламжтайгаар охиныхоо сонирхол, зан чанарыг илүү сайн мэдэж авч байна гэж гэр бүлийхэн нь хэлжээ.
Арчер уг аппликейшнаа хэн ч ашиглах боломжтой болгоод програм хангамжийн код байршуулдаг “GitHub” платформ дээр байршуулсан байна. Ингэснээр Арчер бусад код бичигчидтэй холбогдож, өөрийн төсөлд шаардлагатай бусад үйлдлийн системийг нэмж чадах юм.
Эх сурвалж: CNN