Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
Өчигдөр нийт 3625 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт шинээр таван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 16 болсон. Сэлэнгэ аймагт шинээр арван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 51 болсон. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан нийт тохиолдол зургаа болсон. Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Дотоодын халдварын батлагдсан нийт тохиолдол 120 болжээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 555, үүнээс эдгэрсэн 335, ажиглалтад 26, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтаас гарсан 310, нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаа иргэдээс хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна.