УЛААНБААТАРТ COVID-19 ХАЛДВАРЫН 2 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнгөрсөн хоногт Орхон, Говьсүмбэр аймагт шинээр халдвар илрээгүй бол Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймагт covid-19 халдварын шинэ тохиодол бүртгэгджээ. Үүнийг задалбал,
- Улаанбаатар хотод 40 тохиолдол /шинээр 2 /
- Сэлэнгэ аймаг 77 тохиолдол /шинээр 19/
- Дархан-Уул аймаг 20 тохиолдол /шинээр 4/
- Дорноговь аймаг 17 тохиолдол /шинээр 1/
- Говьсүмбэр аймаг 1 тохиолдол /шинээр халдвар илрээгүй/
- Орхон аймаг нийт 17 тохиолдол /шинээр халдвар илрээгүй/
Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 608 тохиолдлоос 337 нь эдгэжээ. Өвчлөлийн эдгэрэлт 56 хувьтай байна.
ХӨСҮТ-өөс халдвар авсан хүмүүсийн 52 орчим хувьд шинж тэмдэг илрэхгүй байгааг онцлов. Иймд тоглолт үзсэн болон караокедсон иргэдийг covid-19 илрүүлэх шинжилгээ өгөхийг анхааруулсан билээ.
Харин шинж тэмдэг илэрч буй хүмүүсийн тухайд зүрх судасны архаг өвчин, элэгний B,C вирусын халдвартай хүмүүс оношлогджээ. Эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд, 15.6 хувь нь хуурай ханиалга гэнэ.
Мөн covid-19 халдвар томуугийн улиралтай давхцаж байгаа тул хуурай ханиалгыг томуу гэж андуурахыг үгүйсгэхгүй гэнэ. Иймд ханиалгах, толгой өвдөх, нусгайрах, хамар битүүрэхээс гадна ялангуяа үнэр амт мэдрэхгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл ханиад томуу гэж тайвширч болохгүйг ХӨСҮТ-өөс анхааруулав.
Түүнчлэн халуурах ядрах, жихүүдэс хүрэх, хамар хоолой хуурайших, суулгах, хоолонд дургүй болох, үе мөч өвдөх, дотор муухайрах, нүд улайх шинж тэмдэг илэрвэл covid-19 илрүүлэх шинжилгээ өгөх, ЭМЯ болон ХӨСҮТ-ийн утсанд 119-80 хандаж зөвлөгөө авахыг зөвлөлөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
– Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нууц үеийн хугацаа 5-5.2 хоног бол халдвар илэрсэн нь 48 цаг, эрчимтэй халдвар тараах нь дөрөв хоног хүртэл байна. Бид нийт батлагдсан тохиолдлуудад дүгнэлт хийхэд гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах нь өндөр эрсдэлтэй байна. Гэр бүлийн анхны тохиолдол илэрсэн халдварын голомтод ойрын хавьтал болох 443 хүнийг илрүүлснээс 34-т нь covid-19 илэрсэн.
Халдвар тараах эрсдэл нь нэг хүн 7-8 хүнд шууд халдвар тараах, цаашлаад 23 хүн халдварлах эрсдэлтэй байна. Төмөр замын голомтын тухайд тэмцээн уралдаан зохион байгуулсантай холбоотойгоор халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал 150 гаруй хүн бий.
Эдгээрээс таван хүнд covid-19 илэрсэн. Төмөр замд гарсан халдварлалтын индекс 3.2 хувьтай байна. Уралдаан тэмцээнд орсон нэг хүн ойрын 3-4 хүнд халдвар тараах, цаашлаад хэчнээн хүнд халдварлах нь эрсдэлтэй. Бид 800 гаруй хүнийг хяналтад авсан нь эдгээр хүмүүст халдвар хүрэх эрсдэлтэй гэдгийг харуулж байна гэлээ.