Улаан тэнгисийн эрэг дэх Судан улсын Суакин боомтод өчигдөр буюу Ням гарагт олон мянган хонь тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц живсэн байна.
Живсэн хөлөг 9,000 хонины даацтай боловч 15,800 хонь даац хэтрүүлэн тээвэрлэж явсан нь живэхэд хүргэснийг албаныхан мэдээлжээ.
Суданаас Саудын Араб улсад экспортлох гэж байсан хонинуудын ихэнх нь хөлгийн хамт живсэн бол хөлөг дээр явсан хүмүүс бүгд аврагдсан байна.
“Живсэн хөлөг боомтын үйл ажиллагаанд нөлөөлөх нь гарцаагүй. Бас олон тооны амьтан живж үхсэн нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нь тодорхой” гэж Суданы боомтын захиргааны төлөөлөгч ярьжээ.
Хөлөг живэхдээ нэлээд хэдэн цаг зарцуулсан тул хонинуудын ихэнхийг аврах боломжтой байсан гэж Суданы экспортлогчдын холбооны тэргүүн Омар Аль Халифа харамсан ярьсан байна. Тэнгисийн уснаас 700 орчим хонийг аварсан ч ихэнх нь амьд үлдэх магадлал бага байгааг тэр мэдээлжээ. Хөлөг дээр нийт $4 саяын үнэлгээтэй хонь тээвэрлэж явсан юм байна.
Энэ осол өнгөрсөн онд цэргийн эргэлт гарсны дараа гүн хямраад байгаа Судан улсын эдийн засагт томоохон хохирол болж байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera