Долдугаар сарын дундуур Норвегийн нийслэл Осло хотын тэнгисийн тохойд нэгэн далайн морь орж ирсэн нь хүмүүсийн дунд ихэд алдаршаад байв.
Тэрбээр эрэг орчимд хөвж байсан завинууд дээр гарч хэвтэн тухалдаг, заримдаа тэднийг живүүлдэг байв. Түүний гаргасан үйлдэл бүхэн хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Осло хотын оршин суугчид түүнд Умардын домогт гардаг гоо сайхан, хайрын бурхан Фрейагийн нэрийг өгсөн юм.
600 кг жинтэй энэ аварга амьтан хүмүүст аюул учруулах эрсдэлтэй тул ойртож болохгүйг эрх баригчид анхааруулсаар байжээ.
Гэвч хүмүүс анхааруулгыг үл тоон далайн морьтой улам ойртон дотносож байв.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Норвегийн загас агнуурын яам хүүхдүүд, томчууд нийлсэн бүлэг хүмүүс далайн моринд хэт ойрхон зогсож буй гэрэл зургийг анхааруулга болгон нийтэлж байжээ.
Гэвч хүмүүс анхааруулгыг үл тоож байсан тул эрх баригчид дараагийн арга хэмжээгээ авсан байна.
Ням гарагт загас агнуурын яамны сайд Фрэнк Бакке-Йенсен уг амьтныг устгах шийдвэр гаргаж, хэрэгжүүлснээ зарлажээ.
“Сүүлийн долоо хоногийн турш явуулсан ажиглалтын үр дүнд далайн мориноос хол байх анхааруулга хэрэгжих боломжгүй нь тодорхой болсон. Тиймээс бид хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс устгах арга хэмжээ авлаа” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.
Устгахаас гадна тэнгисийн тохойгоос далайн морийг нүүлгэн шилжүүлэх хувилбар яригдсан ч ингэх нь тухайн амьтанд аюултай гэж үзжээ.
Далайн морийг устгах ажиллагаа “хүмүүнлэг арга хэлбэрээр” хэрэгжсэн тухай сайд бас мэдээлсэн байна.
Умард туйлын бүс нутагт амьдардаг далайн морь хүмүүс рүү довтолсон тохиолдол маш ховор байдаг.
2016 онд Хятадын нэгэн амьтны хүрээлэнд сэлфи хийх гэж ойртсон хүнийг далайн морь ус руу татан унагаж, живүүлсэн тохиолдол гарч байжээ. Унасан хүнийг аврахаар амьтны хүрээлэнгийн ажилтан ус руу үсэрсэн ч мөн далайн морины нүсэр том биед дарагдан живсэн байна.
Эх сурвалж: BBC