Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн гэх 755 тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авч бүртгэлжүүлэн, зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 67 мотоцикл, 362 автомашин буюу нийт 429 тээврийн хэрэгслийн жолооч нар дүгнэлт гаргуулснаас автомашины утааны яндангаас гарах дуу чимээ MNS4599:2003 стандартаас хэтэрсэн зөрчилтэй 223 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.
Зориулалтын бусаар өөрчилж тоноглосон 14 автомашины янданг хураан авч зөрчлийг арилгуулан энгийн нам дуутай үйлдвэрийн яндангаар солиулсан бол 326 тээврийн хэрэгслийн жолооч нар яндангаас гарах дуу чимээний дүгнэлт гаргуулаагүй хайнга хандаж байна.
Тухайн автомашин, мотоциклын жолооч Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дэх техник хяналт үзлэгийн төвүүдэд очиж яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн эсэхийг шалгуулан дүгнэлт гаргуулж, зөрчлөө арилгасан тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож байгаа аж.
Иймд жолооч нар Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дэх техник хяналт үзлэгийн төвүүдэд яндангаас гарах дуу чимээний түвшинг тогтоож дүгнэлт гаргуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Тээврийн цагдаагийн алба”-аас ирж авах шаардлагатай.
- 1991 оноос хойш үйлдвэрлэсэн суудлын автомашины дуу чимээний түвшин бензин 74, дизель 75 /децибалл/
- 1991 он хүртэл үйлдвэрлэсэн суудлын автомашины дуу чимээний түвшин бензин 80, дизель 86 /децибалл/
- 1991 оноос хойш үйлдвэрлэсэн ачааны автомашины дуу чимээний түвшин бензин 80, дизель 80 /децибалл/
- 1991 он хүртэл үйлдвэрлэсэн ачааны автомашины дуу чимээний түвшин бензин 86, дизель 8 /децибалл/ байхыг зөвшөөрдөг байна.