“МӨНГӨ ЗЭЭЛЭЭЧ” гэсэн мессеж бүхэнд БҮҮ ИТГЭ
Цагдаагийн байгууллагад энэ 7 хоногт /06.17-21-ний өдөр/ Залилах гэмт хэрэг 49 бүртгэгдэж, шалгагдаж байна. Дээрх хэргийн 63 хувь нь цахим орчин болох Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлж 38 орчим сая төгрөгийн хохирол учирсан байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын төвлөрөлтэй, явуулын хөдөлгөөн их, бараа бүтээгдэхүүний эргэлт өндөртэй болон хилийн боомттой ойролцоо Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.
Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн гомдол, мэдээллээс онцолвол:
СБД-ийн иргэн М нь “Дүүгээс 900.000 төгрөг зээлээч гээд фейсбүүк чатаар мессеж ирэхээр нь шилжүүлтэл хаягаа хакердуулсан байна”,
Дорноговь аймгийн иргэн Э нь “Танил хүнээс мөнгө гуйсан чат фейсбүүкээр ирэхээр нь …. тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлтэл залилуулсан байна” зэрэг найз нөхөд, ах, эгч танилын facebook хаягнаас мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө шилжүүлээд залилуулсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл их байна.
Хэрвээ танд дээрх зүйл тохиолдож “мөнгө зээлээч” гэсэн мессеж ирвэл
1-рт Тухайн хүн руу утсаар эсвэл дүрст дуудлага хийж мөн эсэхийг баталгаажуулах
2-рт Тухайн хүний нэр дээрх данснаас бусад данс руу мөнгө шилжүүлэхгүй байх,
3-рт Facebook хаягаа бусдад алдахаас сэргийлж мэдээллийн нууцлалаа хангахыг АНХААРУУЛЖ байна.