2019 оны дөрөвдүгээр сард гал түймэрт сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг таван жилийн турш сэргээн засварласны эцэст 12 дугаар сарын 7-ны бямба гарагт дахин нээлээ.
Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, түүний сонгуулийн сурталчилгаанд хамтран зүтгэсэн Илон Маск, Их Британийн ханхүү Уильям, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэрэг 40 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар Францын нийслэлд хүрэлцэн иржээ.
Мөн ёслолын ажиллагаанд Францын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Франсуа Олланд, Никола Сарзози нар, Бельгийн хаан Филипп гэргийн хамт, Монакогийн хунтайж II Альбер, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда, Финландын төрийн тэргүүн Александр Стубб, Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Парис хотын дарга Анн Идальго, Францын Засгийн газрыг тэргүүлж байсан Мишель Брюнье, Габриэль Атталь нар, Дотоод хэргийн сайд асан Брюно Ретайо, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн дээд комиссар Франсуа Байру, бүс нутгийн зөвлөлийн дарга Иль-де-Франс Валери Пекресс, Европын Төв банкны дарга Кристин Лагард нар оролцсон байна.
Түүнчлэн шашны зүтгэлтнүүд, LVMH группийн тэргүүн Бернар Арно, түүний хүү Антуан, Pinault-Printemps-Redoute концернын тэргүүн Франсуа-Анри Пиног, түүний гэргий, жүжигчин Сальма Хайек нарын зэрэг сүмийг сэргээн засварлахад томоохон хандив өргөсөн хүмүүсийг ёслолд урьсан байна. LVMH концерн сэргээн засварлах ажилд зориулж 200 сая евро хандивлажээ.
Сүсэгтнүүдийг дахин угтан авахад бэлэн болсон сүмийн хаалгыг Парисын хамба Лоран Юльриш нээлээ. Хаалгыг нээхээсээ өмнө тэрбээр бэрээгээрээ тогшсон байна.
Эх дагинын сүмийн үйл ажиллагааг дахин сэргээснийг тохиолдуулан зохион байгуулж буй баярын үйл ажиллагаа 12 дугаар сарын 7, 8-ны амралтын өдрүүдэд үргэлжилнэ. Орон нутгийн цагаар 19.00 цагт эхэлсэн нээлтийг дэлхийн 20 гаруй орны телевизүүд дамжуулжээ.
12 дугаар сарын 7-ны үдшийн хөтөлбөрт гал түймрийн дараах үйл явдлын тухай киног үзүүлж, аврагчдад болон сүмийг сэргээн засварласан барилгачдад хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Луис Арагоны шүлгийг уншиж, хийлч, виолончель хөгжимчин ах дүү Рено Капюсон, Готье Капюсон нарын тоглолт боллоо.
2019 онд гал түймрийг унтрааж, галын хор уршгийг арилгасан гал сөнөөгч, аврагчид, барилгачдыг нээлтийн үйл ажиллагаанд алга ташилтаар угтлаа.
Сүмийг нээх ёслолын үеэр хэлсэн Эммануэл Макроны үг
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмийг нээх ёслолын үеэр үг хэлэхдээ “агуу үндэстнүүдэд хүрч чадашгүй зүйл гэж байдаггүй” хэмээн цохон тэмдэглээд томоохон хэмжээний түймрийн дараа сэргээн засварласан Эх дагинын сүмийг нээсэнд Францын ард түмэнд талархал илэрхийлэв. Тэрбээр үгээ “Vive Notre-Dame, vive la République, vive la France!” гэсэн үгээр төгсгөв.
“Хоёрхон хоногийн өмнө засгийн газар огцроод байгаа энэ үед Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцож үг хэлэх нь эрх мэдлээ алдахыг хүсэхгүй байгаа Макроны хувьд маш чухал юм” гэж Францын хэвлэлүүд бичжээ.
Э.Макроныг үг хэлсний дараа сүмийн анхны мөргөл 19.45 цагт эхэлж, 45 минут үргэлжилсэн байна.
Ромын Пап Франциск ёслолд оролцоогүй боловч “Францын ард түмэнд хандсан илгээлтээ Парисын хамбад илгээсэн” гэж сүмийн ширээт лам Оливье Рибадо Дюма хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгджээ. “Эл гайхамшигт сүм дахин сэргэсэн нь Франц дахь Сүмийн сэргэн мандалтын эхлэл байх болтугай” гэж түүний илгээлтэд дурдсан байна. Пап Францискийн илгээлтийг хамба Юльриш уншин сонсгожээ.