Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нийслэл Дамаск хотыг орхин явсан тухай “Reuters” агентлаг өндөр албан тушаалын хоёр офицерын хэлснийг эш татан мэдээлжээ. Б.Асад хаашаа явсан нь тодорхойгүй байна.
Их Британид төвтэй Сири дэх Хүний эрхийг ажиглах төвийн (SOHR) мэдээлснээр, Дамаскийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн хувийн нисэх онгоцоор Асад явсан байх магадлалтай ажээ. Нисэх буудалд байсан засгийн газрын цэргүүд түүнийг ниссэний дараа өөр газар руу явсан байна.
Орон нутгийн цагаар ням гаргийн үүрээр босогчид давшилтаа үргэлжлүүлж, Дамаск руу нэвтрэн орж эхлэх үед Сирийн нийслэл хотын нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүссэн гэж CNN суваг мэдээлжээ.
Сирийн эрх баригчид Дамаск руу босогчид нэвтрэн орсон тухай мэдээлэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.