БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тогтсон дэгийн дагуу албан тушаалаасаа хугацаанаас өмнө бууснаар онц байдал зарлах тухай түүний шийдвэрээс үүдэлтэй үр дагаврыг аль болох бага байлгахыг хичээж байна гэж эрх баригч “Ардын хүч” намын /АХН/ дарга Хан Дон Хун ням гарагт мэдэгджээ.
Юн Сог Ёлийг огцруулах асуудлаарх санал хураалт ирц бүрдээгүй гэх шалтгаанаар цуцлагдсанаас хойш нэг өдрийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Санал хураалтыг АХН-ын гурван хууль тогтоогчоос бусад нь бойкотолжээ.
“Ерөнхийлөгч тогтсон дэгийн дагуу хугацаанаасаа өмнө огцорсноор бид БНСУ болон ард түмний дунд үүсэх эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулж, либерал ардчиллыг сэргээх болно” гэж Хан Дон Хун Ерөнхий сайд Хан Дог Сүтэй Сөүлийн баруун дүүрэг дэх АХН-ын төв байранд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ хэллээ.
Хан Дон Хуны хэлснээр, Ерөнхийлөгч албан тушаалаасаа буухаасаа өмнө төрийн үйл хэрэгт, тэр дундаа дипломат ажиллагаанд оролцохгүй ажээ.
Тэрбээр мөн улс төрийн үймээн самууныг хатуу, ил тод мөрдөн шалгах, төрийн хэргийг явуулахад хоосон орон зай үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд асуудлыг Ерөнхий сайдтай байнга ярьж хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.