Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар шүүсэн хэрэгт хэрэг нээсэн, мөн энэ үйл явдалтай давхцан Европын холбоо хүний эрхийг зөрчсөн улс орнуудын холбогдох албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах болсонтой холбогдуулж, УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийллээ.
Европын Холбоо нь дэлхийн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр
хориг арга хэмжээг авахаар боллоо.
Европын холбоо анх удаа дэлхийн хэмжээнд хүний эрхийн ноцтой зөрчил хаана болж байгаагаас үл хамааран хүний эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол, журам баталжээ. 2020.12.07 ны өдөр батлагдсан уг журамд зааснаар бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тохиолдлуудад хүн дамлан наймаалах; түүнчлэн цагаач, хууль бус орогногчийн хүний эрхийг зөрчих; бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг 10 заалт оруулсан бөгөөд үүнээс онцолж байгаа нэг заалт нь дур мэдэн баривчлах, цагдан хорих тухай юм. УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг гурван төрлийн хууль зөрчиж, шүүгчийн захирамжаар дур мэдэн баривчилсан, цагдан хорьсон, цаашилбал нотолгоогүй баримтаар ял оноосон зэрэг хүний эрхийн зөрчилтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж ОУПХ үзэж, хэрэг үүсгээд байгаа.
Европын холбооны 2020/1998 дугаартай 2020.12.07 ны өдөр гарсан уг шийдвэрийн үр дүнд хүний эрхийг зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн Европын холбоонд зорчих эрхийг хязгаарлах, виз олгохоос татгалзах, хувь хүн болон аж ахуйн нэгжийн хөрөнгө болон эдийн засгийн нөөцийг царцаах зэрэг арга хэмжээ авна. Түүнээс гадна ЕХ-оос гаргасан жагсаалтад орсон хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулах, босгохыг хориглох юм.
Хүний эрхийг ноцтой зөрчиж буйг зөрчлийг дэмжих, эсхүл оролцож буй хувь хүн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү хоригт хамаарна. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, тухайн нутаг дэвсгэр дээр хяналт, эрх мэдлээ тогтоосон бусад оролцогчид буюу албан тушаалтнууд, дээрх хүмүүстэй холбоотой хувь хүмүүс ч хамаарна. Үүгээр бол Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьсон, ял оноосон, эрхийг нь зөрчсөн үйлдлүүд батлагдвал манай улсын төрийн өндөр албан тушаалтан, шүүх хуралд оролцсон шүүх бүрэлдэхүүн, шийдвэр гаргасан шүүгч нар европын холбооны хориг арга хэмжээнд орох бололтой.
Европын холбоо мэдээж Ж.Эрдэнэбаттай холбоотой ОУПХ-ны дүгнэлтийг харгалзана.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ‘Манай улсад УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын эрхийг зөрчсөн асуудаар ОУПХ хэрэг нээсэн. Хэргийн дүгнэлт гаргах чиглэлээр манай улсаас тайлбар мэдээлэл, материал авна. Дүгнэлт гарсны дараа Европын холбооны хоригт холбогдох албан тушаалтнууд орох эсэх асуудал яригдана“‘ гэлээ.
Мөн ОУПХ-ноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УЕП-ын хүсэлтгүйгээр, УИХ-ын шийдвэргүйгээр хууль бусаар шүүж, цагдан хорьсон байж магадгүй гэж хэрэг нээсэн талаараа мэдээлсэн. УИХ-д бичиг нь ирсэн. Манай талаас удахгүй хариуг нь өгч таарна.
Тус холбоо нь хоёр дахь удаагаа манайд хэрэг нээж байгаа юм. Эхнийх нь талийгаач С.Зоригийн хэрэг, удаах нь Ж.Эрдэнэбатын хэрэг болж байна.
ТББХ-ны харьяа гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор энэ талаар хэлэлцсэн. Дэд хороонд хамаатай, хамаагүй хоёр асуудал байна гэж үзсэн. Хамаагүй нь шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж үзэх эрх УИХ-д байхгүй. Харин хамаатай нь, УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь бариад, шүүн тасалж, цагдан хорьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
Халдашгүй байдал гэдэг УИХ-д байдаг. 180 мянган төрийн албан хаагч байдаг. Гэтэл Монгол улсад халдашгүй эрхтэй 77 хүн байдаг. Энэ бол 76 гишүүн дээр нэмэх нь Ерөнхийлөгч юм. Яагаад энэ хүмүүсийн эрхийг халдашгүй гэж заасан байдаг вэ гэхээр энэ хүмүүсийг ард түмэн сонгодог. Төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан. Энэ бол ард түмэнд өгч байгаа халдашгүй эрх юм.
УИХ-ын гишүүнийг Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр чөлөөлөх асуудал тавигдана. Ийм бичиг УИХ-д ирээгүй. УЕП-ын бичгийг УИХ хэлэлцэх ёстой. Хэлэлцсэн зүйл байхгүй.Дэлхийн 200 улсын дийлэнх нь парламентын засаглалтай. Бүгд энэхүү зарчмыг үндсээ болгодог.
Одоо болтол шүүхээс энэ хэргийн талаар УИХ-д тайлбар ирүүлээгүй байгаа. Харин хэвлэл мэдээллээр өмгөөлөгчдийнх нь ярилцлагыг уншихаар ‘УИХ-ын гишүүний эрхэд нь халдаагүй. Ерөнхий сайд байсан учир халдсан’ гэсэн байна лээ. Хуулийг ингэж тайлбарлаж, гуйвуулж болохгүй л дээ гэсэн юм.