Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна. Албан бус мэдээллээр өршөөлөөр суллагдах боломжтой 790 хоригдол байгаа аж. Уг асуудлаар хамгийн анх ам дуугарсан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа бөгөөд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Тиймээс цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм. Одоо цаг хугацааны хувьд хөнгөн ялтай хүмүүсийг суллах хууль эрх зүйн зохицуулалт батлагдаж амжихгүй. Тиймээс эрх баригчдын 100 жилийн ойдоо барих “бэлэг” дунд нь хөнгөн ялтай хоригдлуудыг суллах нэрийдлээр Өршөөлийн хуулиа батлах болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна. Тэдний Өршөөлийн хууль, цахим гав зэрэг нь 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Харин эрх баригчид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ч 2021 онд өргөн хүрээтэй тэмдэглэнэ.
МОНГОЛ УЛС ӨРШӨӨЛИЙГ ТЭМДЭГЛЭЛТ ОЙН БАЯР БОЛОН СОНГУУЛИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛДЭГ
УИХ нь 1991 оноос хойш нийт зургаан удаа өршөөлийн хуулийг баталжээ. Эдгээр өршөөлийг ихэвчлэн Монгол Улсад ач холбогдол бүхий түүхэн үйл явдлыг тохиолдуулан үзүүлсэн байна. Цаг хугацааны үечлэлээс харвал 3-6 жил хүртэлх мөчлөгтэйгээр өршөөлийн хууль батлагдсан байх бөгөөд хууль болгон түүхэн ой, тэмдэглэлт өдөртэй холбоотой. Тухайлбал,
- 1991 оны хууль Улс, хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулж,
- 1996, 2006 оны хуулиуд Тулгар төр үүсэн байгуулагдсаны 790, 800 жилийн ойг тохиолдуулж,
- 2000, 2009 оны хуулиуд Улсын Их Хурлын сонгуулийг тохиолдуулж,
- 2015 оны хууль Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тус, тус гаргаж байжээ.
Үүнээс үзвэл Монгол Улсын хувьд өршөөлийг тэмдэглэлт ойн баяр болон сонгуулийг тохиолдуулан хэрэгжүүлдэг уламжлалтай гэж хэлж болохоор байна. Монгол Улс 1991 онд 1300-1400 орчим, 1996 онд 140 орчим, 2000 онд 1500 орчим, 2006 онд 3500 орчим, 2009 онд 3300 орчим хүнд өршөөл үзүүлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ өршөөлийн хууль батлагдсаны дараа хэдэн хүн өршөөлд хамрагдсан, түүнээс хэдэн хүн суллагдсан талаар тодорхой судалгааг “Зөвхөн тусгай хэрэгцээнд ашигладаг” гэх үндэслэлээр олон нийтэд мэдээлдэггүй нь харамсалтай.