“АЧТАН ЭМНЭЛГИЙН ХАВЬТЛУУДААС 16, ТЭНҮҮН-ОГООГИЙН ТАВАН ЖОЛООЧООС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ”
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.01.06/ мэдээлэл хийж байна. “Өчигдөр 16377 хүнд covid-19-ийн халдварын шинжилгээ хийжээ. Үүнээс 41 хүнд халдвар илэрсэн байна. Шинэ тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тав нь ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн ажилтан бол үлдсэн нь голомтлон гарсан бусад хавьтлын ойрын хүмүүсээс халдвар илэрчээ.
Нэгдүгээр сарын 4-нд “Ачтан” эмнэлэгт халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Тус эмнэлгийн есөн ажилчин халдвар авсан. Тэдний гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрснээр нийт тохиолдол 16 болов. “Ачтан” эмнэлэг орон тооны 124 ажилчинтай боловч сүүлийн өдрүүдэд 96 хүн ажиллаж байжээ. Тэдний есийг нь тусгаарлаж, 88 хүнийг ажиглан тусгаарлах байранд шилжүүлсэн байна. Бусад шинээр илэрсэн тохиолдлууд нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн таван жолоочоос нэмж халдвар илэрчээ. Тэдний гурав нь тусгаарлалтад байжээ. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учраас тус байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнээс халдвар илэрсэн. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос гэр бүлийн болон тусгаарлалтад байсан бусад хавьтлуудаа шинээр нэмж халдвар илэрсэн” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа хэллээ.
Ингэснээр Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 527 болов.
Улсын хэмжээнд халдварын голомтуудад нийтдээ 853 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1349 болсон бол үүнээс 887 хүн эдгэрсэн байна .Сүүлийн 24 цагт гурван хүн эдгэрсэн. Эмчлэгдэж байгаа нийт 451 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 хүн эмчлэгдэж байна.
- ХӨСҮТ-д маш хүнд нэг, хүнд 6, хүндэвтэр 62, хөнгөн 138 хүн
- Цэргийн төв эмнэлэгт 221 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 76, хөнгөн 136
- Сэлэнгэ аймагт 13 хүн эмчлүүлж байгаагаас бүгд биеийн байдал нь хөнгөн
- Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 10 хүн ажиглалт, тандалтад байна.
“АРВАНХОЁРДУГААР САРЫН 15-НААС ХОЙШ АЧТАН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН БОЛ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ”
Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд халдварт өртсөн байх магадлал өндөр байгаа учраас 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд харъяа цэгүүдэд шинжилгээнд хамрагдахыг хүслээ. Өнгөрөгч сарын 28-ноос хойш Ачтан эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байсан.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.