Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийн бэлэн байдалд шилжин, сурагчид 2019-2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явагдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт хоёрдугаар сарын 1-нд дуусч буй. Цагаан сарын үеэр хатуу хөл хорио тогтоох зэргийг харгалзан үзэж, 2021 оны гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх санал гаргаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг өндөр сахиж, хичээллүүлэхээр төлөвлөжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.
Шадар сайд Я.Содбаатар нэгдүгээр сарын 8-нд хичээлийн хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөснийг мэдэгдсэн. Тэрбээр “Дэлхий нийтээр цахим сургалт явж байгаа ч бид боломж гарвал танхимын сургалтаа чухалчлах бодлого барьж байна. Хэрэв өвчний нөхцөл гайгүй болвол танхимын сургалт явуулахаар зорьж байна” гэсэн юм. Мөн түүний хэлснээр, нөхцөл байдлыг харгалзан үзээд, бүх шатны боловсролын үйл ажиллагааг танхимын болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.