Хүнсний зах, худалдаа, бөөний төвүүдийг шат дараатай нээх талаарх мэдээллийг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнөөдөр /2021.02.14/ өглөө.
Тэрбээр “Хөл хорионы үед үйл ажиллагаа нь хэвийн ажиллах 14 байгууллагын дотор хүнсий үйлдвэрлэл, түгээлт, худалдаа гэсэн салбарууд орж байгаа. Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнсний бөөний төв, захуудыг шат дараалалтай нээхээр төлөвлөсөн. Сар шинийн гурван өдөр дээрх байгууллагууд ажиллаагүй амарсан.
Хоёрдугаар сарын 16-н гэхэд 24 бөөний төв нээгдэх ба цаашид 18, 20, 23-наас гэсэн шатлалаар 49 хүнсий бөөний төв нээгдэнэ. Мөн 597 хүнсний үйлдвэрүүд бий. Түгээлтийн 287 ААН нээгдэх ба тэдгээрийн 10-15 хувийн квот бүхий ажилчид болох нийт 26 мянга орчим хүн ажиллана. Иргэд хүнсний бөөний төвүүдэд очиж хүнсээ авахгүй зөвхөн гэрийнхээ ойр дэлгүүрээр үйлчлүүлнэ. Жишээ нь, Баянзүрх дүүргийн иргэд, Дэнжийн мянга эсвэл Хүчит шонхор зах руу очиж хүнсээ авахгүй хөл хорио 23-ныг хүртэл үргэлжилнэ. Зөвхөн иргэдийн гэрийн ойролцоох дэлгүүрүүдийн хүнсийг тасалдуулахгүйн тулд дээрх бөөнийн төвүүдийг ажиллуулж байгаа юм.