Иргэн Л.О “Ипотекийн зээлийг ил тод шударга болгомоор байна. Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа энэ зээлийг банкны эдийн засагчид барилгын компанитай хуйвалдаж манай энэ байрнаас авбал шууд зээл гаргана гэдэг. Өөр боломжийн байр олоод очихоор дараалалтай байна, жилийн дараа зээл чинь гарна гэх мэтээр иргэдэд үнэтэй байраа шахаж шулж байна.
Бид эдийн засагчдаас зээл гуйж байна. Уг нь улсаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэдгийг санамаар юм. Бас зууч нэртэй амар хялбар аргаар мөнгө олох санаатай хүмүүс ганц хоёр байр үзүүлээд таван саяыг урьдчилаад өгчихвөл хурдан зээл гаргана гэх мэтээр луйвар хийж байна. Эдийн засагч нь 6-9 сая гээд бүр тарифлаад хэнэгчгүй бага мөнгө юм шиг аманд орсоноо хэлж байна” гэлээ.
Иргэн С.Цогбаяр “Голомт банк өөрсдийн санхүүжүүлсэн орон сууц дээрээ зээл хурдан гаргаад бусад дээр их удаашралтай квот дууссан гэж байна. 5.5-6 сая төгрөгийг өгвөл 7-10 хоногт шийдэгдэж гаргаж өгнө гэж байна. 5.5 сая дундын дансанд байршуулаад зээл чинь 7-10 хоногт баталгаажаад гэрээгээ банктайгаа хийж асуудал шийдэгдсэний дараа бүтээж өгсөн мөнгөө авдаг” гэлээ.
Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан ч банкны эдийн засагчид зээл гаргахад өндөр үнэтэй авлига нэхэж, мөнгө өгсөнд нь зээл гаргаж өгдөг тогтолцоо хэдийнэ бий болжээ. Дунд орлоготой иргэд орон сууцтай болоход энэ мэт хүндрэл учруулж байгаад иргэд бухимдалтай байна.