УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, СЕХ-ны саналын дагуу УИХ-ын 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоов.
УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар тогтоолоор УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хамтатган зохион байгуулахаар болсон.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг хийхээр заасан бол УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглосон. Мөн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нөхөн сонгуулийн нэрийн жагсаалт үйлдэх эрх зүйн зохицуулалт нь цаг хугацааны хувьд адилгүй, тус тусдаа онцлог зохицуулалттай. Үүнээс үүдэж УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах хэсгийн хороод тус бүрт сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж болон түүнийг хариуцаж ажиллуулах итгэмжлэгдсэн ажилтны тоо хоёр дахин нэмэгдэхээр байгаа аж.
Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацаа, хяналтын тооллого хийх хуулийн зохицуулалт өөр өөр байгаа, мөн сонгогчийн саналын хуудаст тавигдах шаардлагаас үүдэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон УИХ-ын нөхөн сонгуулийн саналын хуудсыг тус тусад нь хэвлэх шаардлага үүсээд байна. Эрх зүйн эдгээр зохицуулалт болон нөхцөл байдал, УИХ-ын 28 дугаар тойргийн 59 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж нэмж гаргах шаардлагатай болж байгаа юм.
Дээрх үндэслэлээр УИХ-ын 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөх сонгуулийн санал авах өдрийг 10 дугаар сарын 10-нд зохион байгуулахаар СЕХ-ноос хүсэлтээ албан бичгээр ирүүлжээ. Энэ хүрээнд боловсруулсан тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар, хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ш.Адьшаа нар ажлын багаас асуулт, асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, нөхөх сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар зардал хэмнэх ач холбогдолтойг тэмдэглээд, санал авах өдрийг тусдаа хийх шалтгааныг тодруулав. Мөн нөхөх сонгуулийг хойшлуулснаар, зардал хэрхэн нэмэгдэхийг асуув.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран гишүүний асуултад хариулахдаа, цагдаагийн болон улсын бүртгэлийн байгууллагатай хамтран сонгууль зохион байгуулах зардлыг дахин тооцож өргөн барихаа хэлэв. Мөн хоёр өөр төрлийн сонгуулийг хамт зохион байгуулахад эрх зүйн хүндрэлээс гадна санал тоолох, иргэдийг бүртгэх төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байгааг дурдав. Тиймээс сонгуулийн үр дүнд үүсэх эрсдэлээс сэргийлж сонгуулийн товыг хойшлуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан гэдгээ онцоллоо.
Ингээд УИХ-ын 28 дугаар тойргийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-нд товлохоор боловсруулсан УИХ-ын 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 68 гишүүний 30 нь буюу 51.5 хувийн саналаар тогтоолыг баталлаа.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны сонгуульд, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс Д.Сумкяабазар, Н.Учрал, П.Анужин нар сонгогдсон юм. Харин 2020 оны сонгуулиар бүрэлдсэн НИТХ-ын 10 дугаар сарын 23-ны анхдугаар хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн бөгөөд Ерөнхий сайд тухайн өдөр нь батламжилсан. Ингэснээр, УИХ-ын 28 дугаар тойргийг төлөөлөх нэг гишүүний сул орон тоо гарсан юм.