Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй тамирчдаас “Ширэн бээлий” клубийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Мягмаржаргал олимпын ринг дээр тулалдах анхны эрхийг авсан байна.
Тэрбээр дэлхийн чансаагаараа “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд өрсөлдөх эрх авч байгаа гэдгийг Токиогийн олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж баяр хүргэжээ.
ОУОХ-ны зохион байгуулах комиссоос энэ жил болох олимпын эрхийн тэмцээнийг цуцалсан. Улмаар тив тивд нь хувааж, чансаагаар нь олимпын эрх олгох юм. М.Мягмаржаргалын хувьд чансаагаар эмэгтэйчүүдийн 75 кг-д тавд жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан учраас ийнхүү олимпод оролцох эрхтэй болов. Тэрбээр гэмтлийн улмаас олон сар ринг дээр тоглоогүй байгаа аж.
Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын олимпын эрх баталгаажсан байна.
Ийнхүү Монголын боксчдын эрх хоёроор нэмэгдэж, өмнө нь эрхээ авсан ОУХМ Б.Чинзоригтой 3 боксчин Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.