Улсын хэмжээнд нийт 2087 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллана. Эдгээрийн нэг болох Баянзүрх дүүргийн 2-6-1 дүгээр /136 дугаар цэцэрлэг/ хэсгийн санал авах байр нь сонгогчдоо хүлээн авахад бэлэн болжээ. Үүдээр нь орвол халуун хэмжигч, гар ариутгагч, улавч байрлуулж, бүртгэлийн ажилтнуудын ширээ болон санал авах гурван ширээ, санал тоолох хоёр төхөөрөмж тус тус байрлуулжээ. Мөн ажилтнууд ч завгүй. Тус санал авах хэсгийн хороонд 2000 гаруй сонгогч санал өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Санал авах байрны ажилчдын мэдээлснээр нэг үеэ бодвол тахлын үед сонгууль зохион байгуулах туршлагатай болсон тул халдвар хамгааллын дэглэмийг онцгой анхаарч, сахиж байгаа аж. Өрөөний агааржуулалтаас эхлээд чийгтэй цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж байгаа юм байна.