Улсын онцгой комиссоос өчигдөр буюу долдугаар сарын 1-нд хуралдан, Улсын баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн билээ. УОК-ын саналыг яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байна.
Тэгвэл уг саналыг эсэргүүцсэн уяачид төв талбайд морьтой цуглаан зохион байгуулж байна. Тэд Яармагт цугларан хотын төв хүртэл авто машины замаар явсан юм.
Цагдаагийн байгууллагаас Сүхбаатарын талбайд цугларсан уяачдад цар тахлын үед жагсаал, цуглаан зохион байгуулж болохгүйг анхааруулж, тарахыг шаардсан.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлстийн албан хаагчийн дээрх шаардлагыг Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Батсайхан хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр “Энэ цуглааныг Монголын морин спорт уяачдын холбоо зохион байгуулаагүй. Наадамд оролцохоор аймаг бүрээс ирсэн уяачид маань өөрсдөө нэгдэж, хурдан морины уралдааныг явуулж өгөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байна. Өчигдөр талбай дээр болсон наадмыг эсэргүүцсэн жагсаалыг бид анхааралтай ажигласан. Тэндээс харахад наадмыг ямар нэгэн улс төрийн үүднээс зохион байгуулалттайгаар эсэргүүцээд байна уу гэсэн хардлага төрсөн. Тиймээс цагдаагийн байгууллагыг шаардлагыг хүлээн авсан албан бичигт гарын үсэг зурах боломжгүй байна” гэдэг хариулт өгөв.
Уяачид хурдан морины уралдааныг хориглохгүй байх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд хариу иртэл цуглаанаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Уяачдын төлөөлөл “Монгол үндэсний өв соёл, тусгаар тогтнолын баталгаа болсон монгол наадам маань үгүй болохын ирмэг дээр ирээд байна. Өнгөрсөн жил цар тахлын үед үзэгчгүйгээр, уяач унааж хүүхдийн хүрээнд хийж болсон. Энэ удаад ч мөн тэгж хийх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэлээ.