Коронавируст халдвараас урьчлилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бодлогын талаар Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд мэдээлэл өглөө.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газар, УОК болон бусад байгууллагууд коронавирусээс сэргийлэхэд өнгөрсөн хугацаанд сайн ажилласан гэдгийг онцлоод Улаанбаатарт ирээд гацсан хөдөөний иргэд, хөдөө гацсан нийслэлийн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодрууллаа. Түүнчлэн дотуур байрандаа тусгаарлагдсан оюутнуудыг гэрт нь хариулж, цахимаар хичээллүүлэх боломж байгаа эсэх талаар тодрууллаа. Мөн бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд иргэн, цагдаа нарын хооронд зөрчил гарч байгаа эсэхийг асуув.
Шадар сайд Я.Содбаатар, ‘Албаны шугамаар нийслэлд ирсэн 500 хүн байгаа. Хувийн шугамаар ирсэн хүмүүсийн судалгааг гаргаж байна. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар 4 хоногийн өмнө УОК-ын Шуурхай штаб хэлэлцээд, энэ сарын 18-наас шинжилгээнд хамруулаад, утасанд нь хяналтын аппликейшн суулгаад гаргахаар төлөвлөж байсан ч улсын хэмжээнд нийслэлийнхээс өөр голомт үүссэн. Тиймээс ойрын хугацаанд гаргах боломжгүй болсон. Дотуур байранд 12.5 мянган оюутан бий. Зарим батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын оюутнууд ч бий. Мөн хөдөөнөөс ирсэн хүмүүс ойрын болон дам хавьтлын хүмүүстэй нэг гэрт байгаа. Эдгээр хүмүүсийг явуулбал тухайн орон нутгийнх нь иргэдэд хүндрэл үүснэ. Тэгэхээр ирэх сарын 1 хүртэл энэ хүмүүсийг энд байлгана. Үүний дараа нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулах дүрэм, журмыг гаргаж байгаа. Энд хүчээр байлгаж байгаа юм биш. Нэгдсэн байдлаар зохицуулалт хийж гаргахыг төлөвлөж байгаа ч өвчний тархалтаас хамаарна гэдгийг иргэд ойлгож байгаа’ хэмээн хариуллаа.
Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ‘Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэд болон хууль сахиулагчдын хооронд зөрчилдөөн үүсэж байна. Өчигдөр Зайсанд нэг иргэн цагдаагийн биед халдсан асуудал үүссэн. Тиймээс ЦЕГ-ын удирдлагууд уг асуудлыг шалгах, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан эсэхийг нягтлах үүрэг өгсөн. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Дэлхийн аль ч улсад цагдаагийн алба хаагчийн биед халддаггүй. Харин цагдаа хууль бус шаардлага тавьсан бол иргэд гомдлоо гарах боломжтой бөгөөд тухай бүрт нь албаны шалгалт хийнэ’ хэмээв.