Орхон аймгийн удирдлагууд коронавирусийн халдварын улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал ярихдаа сүүлд нэмж 270 хүнээс шинжилгээ аван сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулсан. Аймгийн хэмжээнд өнөөдөр шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгуулах зохион байгуулалтад оруулсан талаар мэдээллээ.
Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь хүүхэд. Мөн энэ хүүхдүүд сургуулийн сурагчид болохоор анги танхим, багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна. Сэжигтэй тохиолдлуудаас ‘Эрдэнэт үйлдвэр’-т ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Харин ‘Эрдэнэт үйлдвэр’-т ажиллаж байгаа ажилтан сэжигтэй тохиолдолтой хавьтсан гэх мэдээлэл бий. Тус иргэнийг гэрийн тусгаарлалтад аван ажиглаж байгаа юм байна.