УОК-ын Шуурхай ажлын хэсэг Мягмар гарагийн орой цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцсэний дараа Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд төрийн байгууллагуудын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг бүрэн цахимаар, бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах хуваарийг батлан гаргаж мөрдүүлэхийг даалгасан байна.
Бусад үүрэг чиглэлийн тухайд:
- Ковидын талаар мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгөх, асуусан асуултад хариулах шууд нэвтрүүлгийг өдөр бүр тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хүргэх
- Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах
- Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасгаж, үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх
- Эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан гүйцэтгэлийн хяналтыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрийн аудитын хяналтыг ЭМЯ, ЭМД-ын байгууллагад оруулах асуудлыг ажлын хэсгийн дарга Г.Ариунбуянд хариуцуулан шийдвэрлүүлэх
- Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар хариуцан хэрэгжүүлэх
- Цагаан сарын баярыг иргэд гэр гэртээ өнгөрүүлж, цахимаар золгохыг олон нийтэд уриалахыг тус тус үүрэг болгосон талаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэв.